Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр гэсэн гурван байгууллагын төлөөлөгчид энэ долоо хоногт нээлттэй уулзалт хийж, сүүлийн үед өрнөөд буй допингийн маргааныг олон нийтэд тайлбарлаж, нэгдсэн ойлголт өгөх байв.
Гэтэл спортын арбитрын төлөөлөгчид ирээгүй учир МҮБХ болон МОНАДА хоёр хөнжил дотроо хөлөө жийлцэж, бие биедээ буруу өгсөөр дуусав.
Эхний асуудал, бөхчүүдээс допингийн явцын шинжилгээ хэзээ авах тухай байв. МҮБХ бөхчүүдээ хамруулахад бэлэн ч МОНАДА-ийн дотоод удирдлагын түвшинд үүсээд буй асуудлаас болж, явцын шинжилгээ авах боломжгүй байгаа гэсэн. Учир нь МОНАДА-ийн одоогийн удирдлагын бүрэлдэхүүнийг улсын бүртгэл хүчингүйд тооцож, энэ маргаан нь шүүх дээр очжээ. Хэрэв МОНАДА шинжилгээ авбал тухайн шинжилгээний хариуг хүчингүйд тооцох хангалттай үндэслэл байгаа аж. Өөрөөр хэлбэл, одоогийн МОНАДА допингийн шинжилгээний сорьц цуглуулах эрхгүй гэсэн үг. Тиймээс энэ асуудлаа засч, залруулахаар түргэвчилж байна.
Та бүхэн МОНАДА дээр үүсээд буй асуудлыг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Хоёр дахь асуудал, МҮБХ нь бөхчүүдийн барилдах эрхийг хасах эрхтэй байгууллага мөн үү. Гурван талт уулзалтад улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар хүрэлцэн ирсэн. Спортын арбитрын зүгээс тэдний барилдах эрхийг сэргээсэн ч бөхийн холбооноос барилдуулахгүй байсан юм. Сүүлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэх хуудас ирж, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарыг барилдуулахаас өөр сонголтгүйд хүрсэн. Гэвч бөхчүүд эсэргүүцэл гаргаж, допингийн шийтгэлээ бүрэн хүлээгээгүй бөхчүүдтэй барилдахгүй гэж гарын үсэг цуглуулж, бөхийн холбоог шахалтад оруулав. Нэг талдаа шүүхийн шийдвэр биелүүлмээр байвч нөгөө талд бусад бөхчүүд нь эсэргүүцэл үзүүлээд байдаг. Ирэх амралтын өдрүүдэд дээрх хоёр бөх барилдах эрхтэй эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Сүүлдээ бөхийн холбоо бөхчүүдийн барилдах эрхийг хасдаг нь буруу болж хувирав. МОНАДА-ийн тайлбарласнаар МОНАДА л эрхийг нь хасах байжээ. Гэтэл допингийн эсрэг үндэсний дүрэмд дараах хоёр заалт бий.
- 7.3.Үндэсний допингийн эсрэг байгууллагаас бусад байгууллагын санаачилгаар авсан тэмцээний бус үеийн шинжилгээнд илэрсэн дүрмийн зөрчлийн үр дүнгийн удирдлагын ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг санаачилга гаргасан тухайн байгууллага хүлээнэ.
- 7.4.Үндэсний допингийн эсрэг байгууллагын санаачилгаар авсан тэмцээний бус үеийн шинжилгээнд илэрсэн дүрмийн зөрчлийн үр дүнгийн удирдлагын ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Үндэсний допингийн эсрэг байгууллага хүлээнэ.
Тэгэхээр явцын шинжилгээ хаанаас санаачилсан юм бэ. Хэрэв бөхийн холбоо бол тэд өөрсдөө үр дүнгийн удирдлага буюу бөхийн эрхийг хасах эсэхээ шийднэ. Харин МОНАДА санаачилсан бол МОНАДА үр дүнгийн удирдлагаа хийнэ. Уулзалтын төгсгөлд бөхийн холбоо үр дүнгийн удирдлага хийх эрхээ МОНАДА-д шилжүүлэхээр болов.
Гурав дахь асуудал, МОНАДА, спортын арбитр хоёр МҮБХ-д шахалт үзүүлж байна. Допингийн зөрчил илэрсэн Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарыг барилдах эрхийг ямар үндэслэлээр сэргээсэн талаар спортын арбитраас тодруулах гэсэн боловч төлөөлөгч ирсэнгүй. Спортын арбитр дээрх хоёр бөхийн эрхийг сэргээсэн. Бөхийн холбоо ч шүүхийн шийдвэрийг дагасан. Гэтэл МОНАДА-ийн зүгээс допингтой зөрчилтэй бөхчүүдийг барилдууллаа гэж бөхийн холбоонд сануулсан. МОНАДА-ийн тайлбарласнаар Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын шинжилгээний хариуг шүүхээр хүчингүйд тооцоогүй аж. Тиймээс допинг хэрэглэсэн нь үнэн учир барилдах боломжгүй гэв. Мөн спортын арбитрын гаргасан мэдэгдэл ойлгомжгүй, төөрөгдүүлсэн, олон янзын байна гэж МОНАДА үзсэн.
Дөрөв дэх асуудал, бөхчүүд мэдлэггүй, мэдээлэлгүй, оролцоогүй байна. Уулзалтын үеэр аймгийн арслан Б.Өсөхбаяр эмчилгээний зорилгоор эм хэрэглэсэн нь допингийн шинжилгээний хариу эерэг гарах нөхцөл болсон гэж мэдэгдсэн. Гэвч МОНАДА-ийн зүгээс допингийн шинжилгээ авахаас өмнө ямар эм бэлдмэл хэрэглэсэн талаараа бүрэн тайлагнах ёстой гэв. Ингэж тайлагнасаар хариу эерэг гарсан ч хүндэтгэн үзэх, хориотой бодис агуулаагүй өөр төрлийн эм бэлдмэл санал болгодог байна. Бөхчүүд энэ талын мэдлэггүй, мэдээлэлгүй, хориотой бодисын жагсаалтаа сайн мэдэхгүй байгаа учир "санаандгүй" допингтой бөх болж хувирч буй. Мөн уулзалтад бөхчүүдийг оролцоход нээлттэй гэсэн боловч улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Ө.Батзул нараас өөр бөх оролцсонгүй. Ө.Батзул начин ч бөхчүүдийн оролцоо тааруу байгааг шүүмжилж байсан юм.
Үндэсний бөхийн холбоо, МОНАДА, Спортын арбитр гурвын энэ ойлгомжтой, тодорхойгүй, маргаантай асуудал нь эцэст нь бөхчүүдээ талцуулж, асуудлыг илүү их хүндрүүлэхээс өөр гарцгүй хэвээр байна. Үндэсний бөхийн холбоо нь хууль эрх зүйн хувьд ямар ямар эрхтэй, түүнийгээ хэрэгжүүлээд явах, МОНАДА нь ямар асуудалтай тулгарсан, түүнийг нь хууль эрх зүйн орчинд шийдвэрлээд, асуудлаа яаравчлах, Спортын арбитр нь үндэсний бөхтэй холбоотой допингийн асуудалд тодорхой шийдвэр гаргаж, яаралтай энэ маргаандаа цэг тавих ёстой. Нэгэнт бүгдээрээ ижилхэн статустай холбоод юм бол Монгол Улсад хуулийн дагуу, хуулийн байгууллагад хандаад хэний шийдвэр зөв эсвэл тэдний хэнийх нь ч шийдвэр хүчин төгөлдөр бус эсэхдээ шийдвэр гаргуулж, цаашид ямар хууль дүрэм, ямар байгууллага, холбоо тэдний асуудлыг шийдэж, хянадаг байх талаар эцэслэхгүй бол жил бүрийн наадмын дараа допингтой, допинггүй, миний чиний шийдвэр гэж маргасаар дараагийн наадамтай золгодог чөтгөрийн тойрогтоо зууралдсаар хэдэн жилийг үзэх ёстой вэ.
Үндэсний өв уламжлал, бөх сонирхогч, наадамчин олноо хүндэтгэж чадахгүй бүтэн жил допинг гэсэн асуудалтайгаа зууралдсаар, хэрэлдсээр, талцсаар хэдэн наадамтай золгох вэ. Монгол Улсын Үндэсний их баяр наадмын комисс гэж бий, түүгээр зогсохгүй хууль дүрэм, журам хүн бүрт тэгш үйлчлэх эрхтэй.
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
Гахай давуу эрхтэй байж, ард түмнээ, үзэгч олноо хүндэлж чадахгүй байгаа Үндэсний бөхийн холбоо болоод бусад холбоодыг татан буулгаад, хууль, дүрэм нь үйлчилдэг, шийдвэрээ гаргаад, хороондоо хэрэлдээд, талцаад суудаггүй байгууллагын нь байгуулаад явах эрх зүйн орчин ч нээлттэй байгаа. Энэ асуудалд яаралтай цэг тавих талаар Үндэсний эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Үндэсний баяр наадмын комисс нь анхаарч, шийдэл гаргахгүй бол хоёрхон сарын дараа Үндэсний их баяр наадам болох нь. Энэ маргаанд цэг тавьж, анхаарах, шийдэхийг бөхөө хүндэтгэдэг Монголын ард түмэн, бөх сонирхогчид нүд цавчилгүй хүлээсээр байна.
Холбоотой мэдээ