Орчин үеийн ойн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, мод тарих Үндэсний өдөр тохиож байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 16-р хороо, олны хэлж заншсанаар Дамбадаржаа дах "Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн"-д хүүхэд, залуучуудад зориулсан нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал зохион байгуулахаар болжээ.
Тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
Арга хэмжээний хөтөлбөрийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын, ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзоригоос тодрууллаа. Тэрбээр, "Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр тавдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан хүүхэд, залуучуудад зориулсан хоёр өдрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Арга хэмжээний гол зорилго нь хүүхэд залуучуудад ойн талаар боловсрол олгох, ойн ач холбогдлыг сурталчлах, гэр бүлтэйгээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэнэ" гэв.
Хүүхэд, залуучуудад зориулсан арга хэмжээг өртөөчилсөн аялал хэлбэрээр зохион байгуулна.
Өртөөнүүдээс онцолбол,
- Мэргэжлийн мод үржүүлэгчдийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа
- Хүлэмжид тарьц, суулгац ургуулах практик сургалт
- “Ойн үр” таних, түүх, бэлтгэх, боловсруулах, мэргэжил сурталчлах
- “Ойн үнэр” тайвшруулах хэсэг
- "Сонирхолтой биологи" танин мэдэхүйн өртөө, хүүхдүүд гэр бүлтэйгээ хамтран зураг зурах орчин бүрдүүлэх
- ”Ой яг түүн шиг” сургалт зэрэг багтаж байна.
Өртөөчилсөн аяллын үеэр хүүхдүүд, гэр бүлийн хамт ойгоос гардаг мөчир, гишүү, боргоцой зэргийг ашиглан өөрийн гараар бэлэг дурсгалын зүйлс хийх, заалгах, сургалтад хамрагдах боломжтой. Арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс тухайн өдөр гэр бүлээрээ мод тарих боломжтой талбай, хүрэлцэн ирсэн зочдод зориулсан олон төрлийн энтертайнмент арга хэмжээг бэлтгэжээ.
Холбоотой мэдээ