2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруй хугацааны дараа болох гэж байгаа ч эрх баригч намын хэрэгжүүлж буй бодлого, гаргаж буй шийдвэрүүд ард түмэнд таалагдахгүй байгааг МАН-ын мэдэрч эхэлсэн сурагтай. МАН-ын цагаан байранд сүүлийн үед олон уулзалт болж, намынхаа нэр хүндийг яаж, хэрхэн өсгөх, сонгуульд яаж ялалт байгуулах талаар хамаг сайн пиарчдыг урьж, залаад "барборасса төлөвлөгөө" боловсруулсан талаар Тусгаар тогтнолын ордны бор шувууд ам уралдаж буй гэнэ.
МАН, Засгийн газар энэ удаагийн сонгуульд малчид, орон нутгийнхны саналыг татахаар "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эхлүүлж, орон даяар тойрч, сурталчилж, уулзалтаа хийж буй. Тэгвэл орон нутгаар тойроод ирсэн МАН-ынханд малчид, орон нутгийхан төдийлөн тааламжтай хүлээж аваагүй, хоршоо яг юу хийхийг нь ойлгохгүй, дэмжихгүй байгаа бөгөөд харин үүнийгээ сөрөг пиар болгон ашиглахаар ярилцсан гэнэ. Ингэхдээ "Шинэ хоршоо" хөдөлгөөн бүтэлгүйтвэл Ардчилсан намд буруугаа "нялзаах"-аар тооцож. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон АН-ын гишүүд "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг эцэргүүцэж, дэмжихгүй байна гэх мессежийг олон нийтэд өгөхөөр ярилцсан сурагтай. Түүнээс гадна "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг дэмжээд, хоршоолж зээл авах дээрээ тулахад мөнгө байхгүй учраас МАН “Та бүхэндээ яг зээл олгох гэтэл Ардчилсан нам хориглоод сонгуулийн өмнө өгөх боломжгүй байна. Бид дахин ялаад зээл олгоно” гэсэн мессежийг тараахаар телевизийн нэвтрүүлэг, шторк бэлтгэж, бүр сошиал троллууддаа чиглэл өгсөн гэнэ.
Хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөн байгуулсанаа зарлаж, орон даяар сүржин нээлт хийсэн. Найман жил төрийн эрх барьж байгаа МАН сонгуулийн өмнө гэнэт малчдадаа хайр зарлаж, зээл олгоно хэмээх "шоу"-ны буруутныг дахиад л Ардчилсан намаас хайх бололтой. Одоогоор Ардчилсан нам Засгийн газар, шийдвэр гаргах түвшинд нэг ч албан тушаал хашихгүй байгаа учраас төрийн гаргаж буй шийдвэрт нөлөөлөх боломж, үндэслэл байхгүй гэдгийг ард түмэн хамгийн сайн мэдэж байгааг эрх баригчид эрх биш гадарлаж суугаа байлгүй.
Б.ШАРХҮҮ