Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр тэтгэвэртээ гарснаасаа хойш твиттерт сургаал айлдаж суудаг болсон. Нэгэн цагт Н.Багабанди "титэм үг" тэрлэж, өсөхийн өлөн өтлөхөд арилдаггүй тухай бичиж байсан шиг. Харамсалтай нь, "Титэм үг"-ээ "Эрдэнэт" үйлдвэрт шахаж, тэтгэврийн зээлээ төрөөр тэглүүлсэн нь ил болсноос хойш тэрбээр элдвийн юм бичихээ болсон билээ.
С.Баярын хувьд цагтаа МАН-ын төдийгүй Монголын гол стратегич гэгдэж явсан. Өдгөө өөрийг нь "тоох" хүн багассанд бухимдсан уу, ямартай ч "Х" ертөнцөд бачимдал, банталтаа ил цагаан илэрхийлэх болсон билээ. Тэр бүү хэл өөрт нь хамааралгүй сэдэв дээр өрвөлзөх болсоныг харсан иргэд С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт МАН холбоотой нь мадаггүй юм байна гэж хардахад хүрсэн. С.Зоригийг хөнөөсөн аймшигт хэрэг гарах үед Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга нь Н.Багабанди, түүний Тамгын газрын дарга нь С.Баяр байв. ҮАБЗ-ийг даргалж байсан Н.Багабанди С.Зоригийн хэрэгтээ эхнээс нь танилцсан хүн хэдий ч энэ хэргийн талаар "титэм үг" ч айлддаггүйг бодоход асуудалтай байж мэднэ. Ийм хардлага иргэдийн дунд байдаг.
Үндсэндээ, МАН сонгууль болгоноор С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр шоуддаг. Үгүй гэвэл захын сонины шарласан хуудсыг сөхөхөд 2000 оны сонгуулиас хойш "С.Зоригийн хэргийг илрүүлнэ" гэсэн ам өчиг өгч байсан нь батлагдана.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд улс төрийн сонгууль болгонд энэ хэргийг сэвж, С.Зоригийн сүнсийг "босгож" ирдэг нь Ардын нам. Тэр тусмаа Ц.Нямдорж Монгол Улсын хуулийн сайд шиг биш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч мэт ажиллаж, аашилж ирсэн нь үнэн. Тиймээс С.Зоригийн амийг хэн хөнөөсөн, хэн захиалсан бэ гэдгийг олон нийтэд ил болгомоор байгаа бол Төрийн нууцаас гаргах ёстой. Түүнээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх тусдаа хавтаст хэргийг төрийн нууцаас гаргасныгаа шоу болгож болохгүй.
Ерөнхий сайд асан С.Баяр "С.Зоригийн аллагыг ярьж, МАН-ыг яллаж. Эл сэдвээр дэмий донгосох, тэр тусмаа сонгуулиар улс төр хийдэгт би үнэн дургүй" гэх мэтчилэн Ардчилсан нам руу баахан довтолжээ.
Өнгөрсөн 70 жил Сүхбаатарын үхлээр шоудсан МАН сүүлийн 26 жилийн, есөн сонгуулиар С.Зоригийн аллагыг ярьж улстөрждөгөөс иргэд залхсан байна.
Хэрэвзээ Ерөнхий сайд асан С.Баяр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр үнэхээр улстөржмөөргүй байгаа бол Төрийн нууцаас гаргахыг намын дүү нартаа зөвлөх ёстой байлтай. Эсвэл элдвийн хэрэгт өөрийгөө хамаатуулах гэсэн "Blaavgai" болж хувирсан уу? "Х" орчин дахь бачимдал, бухимдлаас нь харахад ийм л асуулт тавихад хүрч байна.
Б.ШАРХҮҮ