Европын холбоо ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгийг хурааж, Украинд үзүүлэх зэвсэг, тусламжийг санхүүжүүлэхээр тохиролцов. Тус холбооны ахлах дипломатууд Лхагва гаригт хуралдаж, 4.4 тэрбум еврогийн гэнэтийн ашгийг Украинд туслах зорилгоор ашиглах тохиролцоонд хүрчээ. Мөн Оросын битүүмжилсэн хөрөнгийн ихэнх нь байдаг Бельги дэх татварын болон удирдлагын зардлын талаарх маргааныг намжаахаар боллоо.
Брюссель дэх "Euroclear" тооцооны төв 2022 онд Оросоос Украин руу довтолсны хариуд Оросын Төв банкны 260 тэрбум еврогийн 191 тэрбум еврог эзэмшиж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тооцооны төвөөс Оросын хөрөнгийн 4.4 тэрбум еврогийн хүүгийн талаар мэдээлсэн. Бельгийн засгийн газар 1.085 тэрбум еврогийн татвар хураана гэж таамаглаж байна. Украинд үзүүлэх тусламжийн эцсийн дүн хараахан батлагдаагүй байгаа ч долдугаар сард тодорхой болно.
Хүүгээс бодогдох мөнгөн дүнг хэрхэн зарцуулах, "Euroclear"-ийн удирдлагын хураамж, Бельги улсын аж ахуйн нэгжийн ашгийн 25 хувийн татвар зэрэг санхүүгийн асуудал тохиролцоонд саад учруулах хандлагатай байсан. Гэхдээ тус улс хураасан татвараа 2025 оноос эхлэн Украинд шилжүүлэх сайн дурын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар дипломат эх сурвалж мэдээлжээ.
Бельгийн засгийн газар түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд зэвсгийн тусламж үзүүлж байгаа. Үүнээс гадна Москвагийн царцсан хөрөнгийн хүүг татваргүйгээр нэмэлт тусламж болгон ашиглах ёстой гэх олон улсын шаардлагатай тулгарлаа. Засгийн газрын татварыг Европын холбоо эсэргүүцэж байгаа бол Бельги ном журмын дагуу тусламжийн үйлчилгээг үзүүлнэ гэх байр сууриа хадгалсаар байна.
Европын холбооны дипломатууд Лхагва гаригт хуралдаж, "Euroclear"-ийн удирдлагын төлбөрийг анх санал болгож байсан гурван хувиас 0.3 хувь болгон буурууллаа. Гишүүн орнууд гэнэтийн ашгийн 90 хувийг Украинд өгөх зэвсгийн зардалд, үлдсэн 10 хувийг үхлийн бус тусламжид зарцуулахаар шийдэв. Энэ нь Ирланд, Австри, Унгар зэрэг зэвсгийг санхүүжүүлэх боломжгүй эсвэл хүсэхгүй байгаа орнуудыг тайвшруулах зорилготой.
Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах тухайд Герман, Франц зэрэг Европын орнууд олон улсын хууль тогтоомжийг зөрчихөөс эмээж байна. Мөн тэд АНУ тус ашгийг зарцуулах мэдлийг олж авахаас болгоомжилж байна. Европын холбооны элчин сайд нар Кремлийн эсрэг авсан 14 дэх удаагийн хориг арга хэмжээний хүрээнд Оросын шингэрүүлсэн байгалийн хийг Европоор дамжих боломжгүй болгох төлөвлөгөөний талаар мөн адил хэлэлцээ хийжээ.
Эх сурвалж: Guardian