Германд улстөрчдийн эсрэг заналхийлэл нэмэгдэх хандлагатай байна. Берлиний Эдийн засгийн сайд Франциска Гиффи Мягмар гаригийн үдээс хойш номын санд зочлох үеэрээ халдлагад өртсөн бөгөөд түүний толгой руу ууттай хатуу зүйлээр цохисныг Прокурорын газраас мэдээлэв. Гиффи өөрийн цахим хаягтаа "Толгой, хүзүү рүү гэнэт хүчтэй зүйлээр цохисон" гэж бичсэн байна. Гэмт этгээд 74 настай ба прокурорын мэдээлснээр, өмнө нь "төрийн аюулгүй байдал, үзэн ядалтын гэмт хэрэг" үйлдэж, ял авч байсан. Мөн мөрдөн байцаалтын явцад сэтгэцийн өвчтэй гэсэн шинж тэмдэг илэрчээ.
Уг хэрэг гарахаас хэд хоногийн өмнө, зүүн Германы Дрезден хотод канцлер Олаф Шольцийн Демократ нам (SPD) болон Европын парламентын гишүүд халдлагад өртжээ. Түүнчлэн, Мягмар гаригийн орой Дрезден хотод Ногоон намын эмэгтэй улс төрч рүү мөн адил халдлага үйлдсэн хэргээр хоёр хүнийг Саксон муж улсын цагдаагийн газар баривчилсан. Нэрээ нууцалсан 47 настай эмэгтэй зурагт хуудас нааж байгаад хоёр хүн дайрчээ.
Саксоны Ногоон нам болж буй нөхцөл байдлыг үл харгалзан кампанит үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж. Мөн улс төрчдийн эсрэг халдлагаас хамгаалах хууль тогтоомжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжинэ. Берлиний сенатор Гиффи халдлага ихэссэн талаар тайлбар хийхдээ "Манай улсад улс төрийн идэвхтэй, тууштай хүмүүс халдлагад улам ихээр өртөж, хүмүүс зэрлэгшиж байгаад санаа зовж, цочирдож байна" гэжээ.
Канцлер Шольц сайд Гиффи болон бусад улс төрчдөд тохиолдож буй заналхийллийг "хулчгар, хэрцгий" гэж тодорхойлов. Тэрбээр "Ардчилсан мэтгэлцээнд хүчирхийлэл хамаарахгүй. Эрүүл ухаантай, боловсон хүмүүс энэ хулчгар, бусармаг үйлдлийн эсрэг байна. Тэр хүмүүс энэ нийгмийн дийлэнх!" гэж мэдэгджээ. Харин Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен "Аль ч намаас үл хамааран бид ардчиллын төлөө зогсож байгаа бүх хүмүүсийг хамгаалах ёстой" гэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ