"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Японы жүжигчин, продюсер, дуучин Хироюки Санадаг онцолж байна. Өдгөө 63 настай түүний хувьд саяхан “Шогун” хэмээх телевизийн цувралд гол дүр бүтээж, үзэгчдээс, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шуугиан тариад байгаа билээ. Ийнхүү кино бүрт самурай, япон босс, тулаанч, алуурчны дүрийг бүтээж, дэлгэцэнд мөнхөрсөн түүнтэй танилцъя.
ТАВАН НАСТАЙДАА СЭТГҮҮЛИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛСОН НЬ
Хироюки Санада 1960 оны аравдугаар сарын 12-нд Шимозава хотод мэндэлжээ. Түүний аав нь газар тариалан эрхэлдэг гэр бүлээс гаралтай байсан бол ээж нь загасны аж ахуй эрхэлдэг гэр бүлээс гаралтай байв.
Хироюки багаасаа жүжиглэх авьяастай байсан бөгөөд Химавари Драма гэх компанид харьяалагджээ. Тэрбээр ердөө таван настайдаа сэтгүүлийн модель болсон гэнэ. Мөн Шиничи Чибагийн “Game of Chance” гэх кинонд тоглоод амжив. Гэхдээ түүний жүжигчний замнал удаан үргэлжилсэнгүй. Удалгүй хичээлдээ анхаарч, сургуульдаа явж эхэлжээ.
Түүнийг 11 настай байхад аав нь бурхан болж, тэр жилдээ бэйсболоо орхиж, каратегаар хичээллэж эхэлсэн аж. Харин 13 настай жүжигчний клубд элсч, жазз бүжиг, морь унаж сурчээ. Тэрбээр Хорикоши ахлах сургуулийг төгссөн түүхтэй.
САМУРАЙ ХИРОЮКИ
Багадаа кинонд дүр бүтээснээсээ хойш ахлах сургуулиа төгсөөд дахин кинонд тоглох завшаан тохилоо. Энэ удаад Шиничи Чибагийн “Шогун Самурай” гэх кинонд тоглов. Адал явдалт киногоор олонд хүрсэн Хироюкигийн нэр алдар хурдацтай Япон даяар түгсэн. Түүний жүжиглэх чадвар, тулааны урлагийн үзүүлбэр хоёр хоёулаа сайн учир хүмүүс ховор авьяастай жүжигчин гэж тодорхойлов.
Япондоо танигдсан Хироюки далайн цаадахыг харж, олон улсад танигдахыг хүссэн. Гадаадын бага төсөвтэй киноны бүхий л нинжа, самурайгийн дүрийг “базсан” тэрбээр олон улсад “Хенри” эсвэл “Дюк” Санада гэх нэрээрээ алдаршив.
Их сургуулиа амжилттай төгссөн Хироюки 1982 оноос эхлэн Хонг Конгийн кино уран бүтээлүүдэд тоглож, 2002 онд Холливудэд “Ring” аймшгийн киногоор , 2000 онд Лондонд “King Lear’s Fool” жүжгээр гарч ирсэн.
Хонгконгт багагүй хугацааг үдсэн тэрбээр Жэки Чантай ч удаан нөхөрлөж буй.
Түүний дүр бүтээсэн “The Twilight Samurai” кино 2002 оны Оскарын шилдэг гадаад хэл дээрх бүтээл номинацид хүртэл нэр дэвшсэн.
САЙН УУ, ХОЛЛИВУД
Хироюки Санада “The Last Samurai” киноны зураг авалтаар Шинэ Зеаландад байхдаа алдарт жүжигчин Том Крузтай дотно танилцжээ. Тэрбээр Том Крузтай хамт ажилласан талаараа “Би түүнтэй анх уулзахад Том Японы тулааны урлагаар хичээллээд найман сар болчихсон байсан. Гэхдээ түүний зарим хөдөлгөөн барууны харагдсан. Тиймээс би түүнд зөвлөгөө өгсөн. Бид хамтдаа их бэлдсэн. Түүний хөдөлгөөн бүрийг япон хүнийх шиг харагдуулахыг хичээсэн. Тэр ч хурдан сурч, шаргуу хөдөлмөрлөсөн. Бид ч сайн харилцаатай болсон” гэв.
Түүнээс хойш Хироюки Холливудын болон барууны 50 орчим кино, телевизийн цувралд дүр бүтээжээ. Хироюки Санада 1990 онд жүжигчин Тэзүка Сатомитай гэрлэсэн бөгөөд хосууд хоёр хүүтэй болсон ч 1997 онд салсан аж. Дэлгэцэнд мөнхөрсөн олон сайн дүрийнхээ ачаар Хироюки цөөнгүй томоохон шагналын эзэн болсон. Түүний “The Last Samurai” киноны дүр одоо ч үзэгчид, шүүмжлэгчдийн талархлыг хүлээсэн, сэтгэл хоногшсон дүр хэвээрээ байна.
Хироюки Санада Японы тулааны урлаг, самурай, нинжагийн дүрийг “John Wick”, “Mortal Kombat”, “Shogun”, “The Wolverine”, “47 Ronin”, “Rush Hour 3” тэргүүтэй олон дэлгэцийн бүтээлд мөнхөлсөн билээ.
Холбоотой мэдээ