Жуулчдын цуваа айсуй, шинэ бүтээлгээ бэлдэцгээе!

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Жуулчдын цуваа айсуй, шинэ бүтээлгээ бэлдэцгээе!

Жуулчдын цуваа айсуй, шинэ бүтээлгээ бэлдэцгээе!

Зуны улиралд аялал жуулчлалын салбар “амь ордог”. Тэр утгаараа Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчны тоо ч нэмэгддэг. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд Монголд 120,250 жуулчин ирээд байна. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн 2023 онд 651 мянган гадаад жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.3 тэрбум ам.доллар давсан нь түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон. Энэ жилийн хувьд ч үүнээс өндөр төсөөлөлтэй байгаа биз. Гэвч "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэдэг шиг жуулчдад үйлчлэх үйлчилгээний чанар, эрүүл аюулгүй байдал, хэт өндөр үнэ,  харилцаа хандлагад анхаарах цаг болсныг иргэд хэлж байгаа юм.

Монгол Улс өмнө нь 2019 онд хамгийн ихдээ 577 мянган жуулчин хүлээн авч байсан юм.

Монголд нэг ирсэн жуулчин дахин ирэх хүсэлгүй болоод буцдаг гэх яриа ч бий. Шалтгаан нь монголчуудын харилцаа хандлага үнэ, үйлчилгээний чанар. Өнгөрсөн жил БНСУ-ын нэгэн телевизээр монголчуудын талаарх сөрөг мэдээлэл цацагдсан. Энэ бүхэн монголчууд  жуулчдыг мөнгө гэж хардагтай холбоотой. Монголчууд өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, шүүмжилдэг.  Ямар сайндаа л Тэрэлжид долоо хонох мөнгө Вьетнамд долоо хоног зугаалахаас үнэтэй байгаа тухай харьцуулж суухав.

Дэлхийн тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн ч сэтгэл ханамж хэдэн хувьтай байсныг хэлэхэд хэцүү. Энэ байдлыг халахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг энэ өвөл хэрэгжүүлсэн. Энэ нь ч эхнээсээ үр дүнгээ өгчээ.

Жишээлбэл, "Мазаалай” олон улсын мөсний баяр, “Хөх сувд” мөсний баяр, Мөнгөлөг шагшуурга, Түмэн тэмээний баяр, Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бүргэдийн баяр гэх мэт 42 арга хэмжээнд гадаад дотоодын 200 мянган жуулчин үзэж сонирхсон байна. Энэ бол ахиц.

Мөн Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг орны нийтдээ 20 сая гаруй дагагчтай контент бүтээгч, нөлөөлөгчдийг урьж, монгол орны өвлийн улиралтай танилцуулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд сурталчлах зорилгоор цахим орчинд есөн контент, таван блог, 100 гаруй богино бичлэг, зурагнуудыг оруулж, 1,1 сая гаруй идэвхитэй хандалт авсан гэнэ.

Хүний тоо өсөхийн хэрээр хөтөч, компаниуд үйлчилгээ, соёлоо өндөр зэрэглэлд шилжүүлэх шаардлага тулгарч байгаа.

Аялал жуулчлалаар дамжуулж нүүдэлчин соёл, онгон байгалиа сурталчлах, сүү, цагаан идээ, дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүнээ таниулах хэрэгцээ их бий ч жуулчдын сэтгэл ханамжийг угтахаас эхлээд үдэлт хүртэл жигд тэгш байлгахыг эрмэлзэх нь чухал. Энэ жилийн хувьд Хятадаас нэг сая жуулчин хүлээж авах боломжтой гэдгийг саяхны чуулга уулзалтаар салбарын мэргэжилтэн онцолсон. Мөн Өмнөд Солонгос, Япон улсын иргэд олноороо Монголд аялах чин хүсэлтэй байдаг. Тэр бүгдийг үргээхгүйгээр тав тухтай аялж, амрах нөхцөлийг одооноос бэлдэж, анхаарах цаг болсон аялал жуулчлалын салбарынхан. Бас нэг санал нь жуулчдад зориулсан мэдээллийн төв хэрэгтэй. Энэ талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Т.Баттулга чуулга уулзалтын үеэр ярихдаа "Онлайн төрөл бүрийн платформ маш сайн хөгжсөн байгаа өнөө үед Монгол руу хэн явахыг хүсч байна тэр хүнийг татаж авч ирэх боломжтой. Ганцхан цагийн дотор Монгол Улсын талаар хүссэн бүх мэдээллээ дэлхийн хаанаас ч авч, хөтөлбөрөө гаргаж ирж байгаа жуулчдын тоо жил ирэх бүрд өсч байна. Тэгэхээр ийм хүмүүст юу санал болгох вэ гэдгийг тодорхойлох нь маш чухал. Эко байгаль дээр суурилсан аяллаас эхлээд нүүдэлчин ахуй соёлын талаар сурталчилсан олон сонирхолтой хөтөлбөрүүд гаргавал аялагчдын тоо өссөөр байна. Ер нь аяллын компаниуд бие биенээсээ ялгарч, мэргэших хэрэгтэй. Явган аялал, ууланд алхалт, дугуй аялал гэхчлэн дагнах хэрэгтэй" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж