Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан маш олон асуудлууд бий. Түгжрэл, утаа, эрчим хүчний доголдол гээд дурдаад байвал дуусахгүй. Энэ мэт асуудлуудыг шийдэх ажлууд нь зөвхөн цаасан дээр хэрэгжиж, сонгууль дөхөхөөр амь ордог гээд хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Олон улсын байгууллага, мэргэжлийн байгууллагуудын дүгнэж буйгаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудын нэг бол түгжрэл. Түгжрэл шийднэ гэж бид олон жил ярьсан ч "үлгэр" болоод үлддэг нь олон. Үүний нэг бол нийслэлд "Дүүжин тээвэр" байгуулах.
Нийслэлчүүд түгжрэлээ шийдэх зоригтой алхам хийж чадахгүй бол 2025 онд гэхэд бид зам дээрээ тэг зогсоно гэсэн тооцоолол бий. Ердөө долоон сарын дараа 2025 он болно. Тэгвэл энэ долоон сарын хугацаанд түгжрэлийг шийдэж чадах уу, эсвэл бид нөгөө л нэг метро, дүүжин тээвэр гэсэн үлгэрээ үргэлжлүүлсээр байх болов уу.
Одоогоор түгжрэлийг бууруулж буй ганц шийдэл нь дугаарын хязгаарлалт, тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах. Нийслэлчүүд үүндээ ч дасчихсан. Сар гаруй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болох учраас төрийн бүх л шатныхны ганц анхаарч байгаа сэдэв нь сонгууль.
Долоон сарын дараа зам дээрээ тэг зогсохоос илүү өнөөдрийн улс төр, сонгуульдаа бэлтгэж, анхаарч ажиллаж байна. Жилийн дөрвөн улиралтай зуны сар зургаа биш гурав. Энэ гурван сард нь бороо, хуртай бол тэгээд бараг л ажил явахгүй, хийгдэхгүй гэсэн үг.
Сонгууль дуусаад наадам, наадмын дараа намар. Ийм л дүр зурагтай бид ирэх өвөл, тэг зогсолтийн хугацаатайгаа золгох нь бодит үнэн болжээ, өнөөдөр. Амны билгээс ашдын билэг гэдэг ч бодит байдал нь л ийм байхад ирэх өвөл зам дээрээ тэг зогсохгүй, цахилгаан, эрчим хүчний хязгаарлалтад орохгүй, өвөл нь хотоороо хөлдөхгүй байх баталгааг хэн бидэнд өгч чадах вэ?
ДҮҮЖИН ТЭЭВЭР АШИГЛАЛТАД ОРСОН Ч ЭРЧИМ ХҮЧ БАЙХГҮЙ
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах маш олон ажлыг ярьдаг. Тэдгээр ярьсан ажил, бүтээн байгуулалтын хамгийн чихэнд чимэгтэй нь метро, дүүжин тээвэр. Метро, дүүжин тээврийг гол хөдөлгөх хүч нь эрчим хүч. Гэтэл өнөөгийн Монгол Улсын эрчим хүч хэрэглээгээ даахгүй хүчин чадал нь хүрэхгүй. Өнгөрсөн өвөл айл өрхийн цахилгааныг оргил цагуудаар хязгаарлаж байж өвлийг давсан. Эрчим хүчний сайд нь эрчим хүчний нөөц хүрэхгүй, ачааллаа дийлэхгүй, нийслэлчүүдийн хэрэглээг хангах боломжгүй болсон гэдгийг байнга сануулсаар байгаа. Монгол Улсын эрчим хүчний салбар хэдийнэ сэхээнд орсон. Ийм байхад метро, дүүжин тээвэр яриахаас илүү эрчим хүчний асуудалдаа анхаарч, эх үүсвэрээ нэмэхэд анхаарах нь өнөөдрийн хувьд хамгийн бодит бөгөөд зөв шийдэл болов уу.
С.АМАРСАЙХАНААС Х.НЯМБААТАРТ ШИЛЖСЭН ДҮҮЖИН ТЭЭВЭР
2014 онд дүүжин тээвэртэй болно гэх сураг гарч 2019 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эрчимтэй ярьж, ажлыг эрчимжүүлэх талаар ярьж байв.Гэвч өнөөдрийг хүртэл бодит бүтээн байгуулалт байхгүй. Зөвхөн цаасан дээр хэрэгжсээр ирсэн. Ингэсээр бид дүүжин тээвэр ч үгүй, замын түгжрэл нь тартагтаа тулж анх ярьж эхэлсэн цаг хугацаанаас хойш долоо дордов.Хааны алба халаатай гэдэг. Нэг дарга гарч ирснээ тодорхой хугацаа зааж дүүжин тээврийг яг ашиглалтад оруулна гэж амладаг. Хийж хэрэгжүүлсэн ч юм байхгүй дараагийн дарга нь ажлаа авна,өгнө.Ийнхүү давтамжтай явсаар гурван хотын дарга, хоёр түгжрэлийн сайдын нүүр үзжээ. Амлалт өгч ажил хэрэг болгоно гэж ярьсан 10-аад жилийн хугацаанд хотын удирдлагууд, зам тээврийн сайдтайгаа нийлээд ч нийслэлчүүдийг дүүжин тээвэртэй болгож барсангүй. Барсангүй юу, хийж хэрэгжүүлье гэсэн сэтгэл нь байсангүй юу мэдэхгүй юм. Ингэж нэг дарга эхлүүлээд нэгэн дээр нь очоод гацдаг, царцаадаг ажлууд олон бий.
9 ЖИЛ ЗӨВХӨН ДАРГА НАР ЯРЬСАН ТӨСӨЛ
2014 он: Дүүжин тээвэр байгуулах санаачлага гарав.
2019 ОН: С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой.
2020-2021: Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр "Cable car" буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх дүүжин замын тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ. 2020 онд ашиглалтад орох боломжтой.
2020 он: Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.
2021 он: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 300 саяар дүүжин тээврийн ТЭЗҮ-д зөвлөх үйлчилгээ авах тендер зарлаж байжээ. Уг төслийг мэргэжилтнүүд маш сайн дэмжсэн. ТЭЗҮ батлагдвал 2021 онд ашиглалтад оруулах байх.
2021: Дүүжин тээврийн захиргаа татан буугдав. Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан билээ. 2021 оны арванхоёрдугаар сард татан буугдсан.
2022 он: 2023 оны хавраас барилга угсралт хийгээд, 2024 онд ашиглалтад оруулна.
2023 он: Дүүжин тээврийг 12-16 сарын дотор бэлэн болгоно.
2024 он: Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ гэж Х.Нямбаатар амлав.
Улаанбаатар хотын Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдан 2021 оны төсөвт 414 тэрбум 348 мянган төгрөгийг, 2022 онд 498 тэрбум 770 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Харин 2023 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулахад зориулж 24 тэрбум 865 сая төгрөгийг зарцуулжээ.
Холбоотой мэдээ