“Орон нутагт 300 мянган айлын орон сууц барина” гэж томорч суусан эрх баригчид энэ онд 100 суманд тус бүр найман айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр бол дэд бүтэц татсан 100 суманд найман айлын орон сууц барина гэж ярьсан нь нийлээд 800 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ гэж ойлгож болох юм. Уг орон сууц нь төрийн албанд ажиллаж байгаа иргэдэд хамаарна. Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдыг тогтвор суурьшилтай амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү ажлыг эхлүүлэх болж буй аж.
Төрөөс захиалга өгч компаниар бариулах орон сууцны үнэ хямд байх эерэг мэдээ дуулдаж буй ч наймхан айлын орон сууцанд дарга нар нь ороод “цэрэг”-үүд нь хөлсний байранд амьдарч байх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж эхлээд байна.
Учир нь, Засгийн газар хөрөнгө мөнгө хаяад, татвар төлөгчдөд адлуулан байж орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр дарга нар нь эзэн суудаг нийтлэг жишиг тогтсон. Ажлын байрыг ч дарга нар өмчилж, ах дүү хамаатан саднаа оруулах, тендер зарлахад мөн л дарга нарын хамаарал бүхий этгээд шалгардаг гээд дарга тойрсон эзэрхийлэл ноёлох болсон юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ