УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Монголчууд пропорциональ тогтолцоогоор сонгуулиа өгнө. Бодит амьдрал дээр горилогчийн тоо мянгаас илүү яригдаж байна. Атал ердөө 126 хүн Төрийн ордонд, хуулийн хамгаалалтад орж ирнэ.
Сонгууль ойртох тусам горилогчдын бичлэг цахим ертөнцийг дүүргэх болсон. Зах зухаас нь харахад манай улстөрчид галзуурахад ёстой ганц хуруу дутуу байна. Зарим нь дуулсан дуундаа өөрөө уярч, зарим нь сонгогчдодо дурласан сэтгэлдээ ёстой л “шатаж” яваа харагдав.
Энэ удаагийн сонгуулийн гол сурталчилгаа фэйсбүүкийн рийлс дээр “өрнөж”, номхон, хөөрхөн, энгийн, даруухан харагдах гэсэн улстөрчдийн элдвийн хийцгүйрэл олон нийтийн "элэг хөшөөж" байна.
Хэдхэн жилийн өмнө улстөрчид дээл өмсөж, морь унасан зургаараа чимдэг байсан бол энэ удаад элдэв янзын шоу, энтертайментууд газар авчээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “фэйлдсэн” хөлдүү бууз ажиллагааг Б.Бат-Эрдэнэ аварга үргэлжлүүлж, орондоо бууз чимхэх нь холгүй зургаа сошиалд цацсан биш олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Х.Болорчулуун сайд дээлтэй эмэгтэйчүүдийг цуглуулж, биелгээ хийлгэж буй бичлэгээ дэлгэж, УИХ-ын гишүүн П.Анужингийн эморол дээд цэгтээ хүрч, энэ мэтээр горилогчид элдэв янзын лайв цацах болсон. Ингэснээр эргээд гишүүн болно гэж тооцсон бололтой. Тэдэнд ингэвэл гоё харагдана гэж ямар чөтгөр нь шивнэчихсэн юм бүү мэд.
УИХ нь хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй. Тиймээс тэнд суух хүн заавал бууз чимхдэг, дуу дуулдаг, бүжиг бүжиглэдэг, бөх барилддаг байх албагүй. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэгд зааснаар УИХ-ын гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах ёстой. Мөн УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийн 19-ийн нэгд заасанчлан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.
Харамсалтай нь, Монголын парламент улсын эрх ашгаас хувийн эрх ашгаа илүү эрэмбэлдэг, улсаа тонодог, хулгай хийдэг, авлига авдаг улстөрчдөөр дүүрсэн. Бүрэн эрх нь дуусгавар болж буй энэ парламентад гэхэд ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон олон гишүүн бий. Нийт 76 гишүүний бараг тал хувь нь ямар нэгэн байдлаар ёс зүйн асуудалд нэр холбогдсон. Хоржоонтой нь, тэд хуулийн болоод ёс зүйн хариуцлага хүлээх нь бүү хэл халдашгүй бүрэн эрхээ дахин дөрвөн жил үргэлжлүүлэхийн тулд дуу дуулж, бүжиг бүжиж, хоол хийж, хор найруулж явна.
Тэрчлэн урлаг соёлынхон нь улс төр рүү "урваж", улс төрийн тайз нь урлаг соёл болоод Монгол Улс жинхэнээсээ хөл, толгойгүй сонгууль хийх бололтой. Үнэндээ Монголын парламент өнгөрсөн 34 жилийн хугацаанд эксперүүдээр дутсан, энтертайментчдаар дутаагүй. Дэлхийн геополитикийн байдал хүндэрсэн, урд, хойноо авторитори дэглэмтэй хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувьд төрийн эрх барих дээд байгууллагад буюу парламентад хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, хуулиа дээдэлдэг, бодлого мэддэг, хөгжил ярьдаг хүмүүс орж ирэх хэрэгтэй байна.Үнэнийг хэлэхэд УИХ-д одлогын мэтгэлцээн өрнүүлдэг, хүний эрх, хүний өмчийг хамгаалах талаар үг дуугардаг хүн байхгүй болсон.
Энэ удаагийн сонгуулийн дүр зургаас дүгнэхэд иргэд улс төрийн намуудаас улс орныг цааш нь хөгжүүлэх том бодлого, хөгжил дэвшлийг хүлээж хүсдэг болсон байна. Найман жилийн дараа гэнэт малчдад МАН саймшраад эхэлсэн нь сайндаа биш саналыг нь авах гэсэн арга заль гэдгийг ч мэддэг, мэдэрдэг болсо байна. Эх оронч нэр зүүсэн болгон эх оронч байдаггүйг олон жилийн сонгуулийн сурталчилаа, уриа лоозонгуудаас нь уншдаг, таньдаг болсон байна.
Нөгөөтэйгүүр, өмнөх найман удаагийн сонгуульд улиг болтол нь ашигласан хар пиар, гүжир, гүтгэлэг ч мөн газар авах шинжтэй. Энэ бүгдээс харахад Монголын сонгуулийн арга технологи огтоос өөрчлөгдсөнгүй. Улстөрчид морио мотоциклиэр, машинаа онгоцоор, дээлээ хүрмээр сольсон ч дуулж хуурдахаас өөрөөр хөгжил дэвшил, төсөл хөтөлбөр ярьж байгаа нь маш цөөхөн байна.
Дийлэнх олонхын ярьж байгаа сэдэв нь малын зээл, ипотек, халамж хайрын тухай. Уг нь ирэх дөрвөн жил Монгол Улс хөгжлийн яг ямар шатанд оччихсон байх вэ гэсэн ажил хэрэгч мэтгэлцээн, бодлогоороо улс төрийн намууд, улстөрчид өрсөлдөж байх ёстой цаг. Харамсалтай нь, хар пиар, гүжир гүтгэлэг, энтертаймент шоугаар амьсгалсан сонгуулийг улсаараа солиорчихгүйхэн, улсаа шатаачихгүйхэн шиг дуусчих юм сан! Шатрын өрөг дуусахад ноён хүү хоёр нэг л хайрцагт ордог нь үнэн!
Б.БАТ
Холбоотой мэдээ