Би Gen Z-чүүдийн нэг. Бидний үеийнхэн энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, эмээ, өвөө, ээж аавынхаа сонголтоор амьдарч болохгүй гэдгээ ойлгосон залуусын нэг би. Гэвч, улстөрчид өнөө л хэрүүлтэй, хэнд ч хэрэггүй хар пиар, гүжир гүтгэлгээр бидний тархийг угаах гэж оролдож байна.
Залуус бидэнд өнгөрсөн 30 жилийн хэрүүл талцал биш ирээдүйн 30 жилийн хөгжил дэвшил чухал байна. Ирээдүйн Монголын хөгжлийн чиг баримжаа, улс төрийн соёл хандлага ямар байхыг би өнөөдрийн улстөрчдөөс олж харахгүй байна.
Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаа эхлээгүй ч сошиал хөгжсөн өнөө үед сонгуулийн давлагаа хэдийнэ эрчээ авчээ. Нийтээр зүс таньж, нэр мэддэг хүмүүсээр нам болоод сонгуульд горилогчид урлаг спортынхон, нийгмийн инфлүүсерүүдийг ашиглан тархи угаалт хийнэ гэж тооцож байх шиг. Уучлаарай, залуучууд хэнээс ч хараат бус сонголт хийж чаддаг гэдгээ ирэх сонгуулиар харуулмаар байна. Урлаг, спортынхон, сошиалын оддоор массын сонголтыг эргүүлнэ гэж тооцож байвал эндүүрэл. Шинэ үеийн залуус бид бодлогын өрсөлдөөн, шинэ хандлагыг харж сонгоно. Миний үг хэлэх эрхийг хамгаалж чадах, өмчтэй байхыг минь дэмжих улс төрийн намын бодлогыг бид дэмжинэ. Бидэнд өнгөрсөн муухай "дурсамж" биш ирээдүйд ингэж амьдарна гэсэн итгэл, найдвар хэрэгтэй байна.
Нэг талаар залуусын үнэлэмж, хувь хүний боловсрол, төлөвшил өөрчлөгдсөн. Мөн улс төрийн мэдлэг, мэдээллийг залуус ялгаж, ангилж, ашиглаж чаддаг болсоныг улс төрийн намуудад дуулгая.
Монгол Улс 2024 онд УИХ-ын ес дэх удаагийн ардчилсан сонгуулиа хийнэ. Энэ хугацаанд сонгуульд хамгийн идэвхтэй оролцож сонгуулийн үр дүнг идэвхтэй тодорхойлж ирсэн нь дунд, ахмад насныхан. Харин энэ удаагийн сонгуулиар голлох ирцийг хүлээж буй хэсэг нь залуучууд.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын 2024 оны хүн амын нас, хүйсийн суваргаас харахад сонгуулийн насны нийт хүн амын 41 хувь нь 16-34 насныхан байна.
Тодруулбал, нийт хүн амын:
- 32.2 хувь буюу 1,161,000 нь 0-15 насныхан,
- 65.3 хувь буюу 2,351,000 нь 15-69 насныхан,
- 2.5 хувь буюу 90.000 нь 70 ба түүнээс дээш насны өндөр настан байна. /эх сурвалж 1212.mn/
2024 оны УИХ-ын сонгуулиар 2.4 сая сонгогч санал өгөх сонгогчдын жагсаалт гараад буй. Гэхдээ энэ тоо албажаагүй бөгөөд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нийт 2.1 сая хүн санал өгөх жагсаалттай байснаас энэ жил 300 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм.
ЗАЛУУС СОНИРХОЛТОЙ УЛС ТӨР ХҮСДЭГ
Улс төрийн завхрал, ойлгомжгүй байдал, нэгнээ гутаан доромжилж, харлуулж байгаа явдал зэрэг нь залуу сонгогчдын сонирхлыг татдаггүй. Харин ч эсрэгээрээ хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, цаг үе, гадаад болон дотоод орчноос хамаарч шинэлэг зүйл анхаарал татах болсон. Үүний тулд нам, эвсэл, бие даагчдын дунд тэдний төлөөлөл байх хэрэгцээ үүсч байна.
Ингэснээр залуучуудад тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх ёстой арга замуудын гарц гаргалгааг таних боломжтой.
Гэхдээ улс төрд оролцогчдын ихэнх нь идэр, ахмад насныхан байгаа учир эргээд залуу үетэй халтай байх алхмууд гаргадаг. Тухайлбал, залуу хүн улс төрд орлоо гэхэд юу мэддэг юм гэсэн хандлагыг ихээр гаргадаг. Түүгээр ч зогсохгүй гэрээ засаад төрөө зас гэхчилэн сургадаг. Угтаа бол улс төрд нас насны, нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл байх ёстой. Нийгэмд амьдарч л байгаа юм чинь залуу үеийн төлөөлөл заавал улс төрд байх ёстой гэсэн үг. Тэгэхээр залуусын хүсдэг, тэднийг идэвхжүүлэх хүчин бол нэг үеийн төлөөлөл юм.
Үүний тулд залуус иргэний үүргээ ухамсарлаж, хариуцлагатайгаар оролцож, мөн эргээд төрд сонгогдсон төлөөлөлдөө хяналт тавих шаардлагатай. Тэр цагт жинхэнэ залуусын сонирхдог, оролцдог улс төр үүснэ.
ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ Л СОНС!
Өнөө цагт үнэгүй бяслаг хавханд л бий гэдэг үгийг олон зүйл дээр үнэн болохыг харж болно. Үнэгүй гурил, будаа, чихэр, өвс, тэжээл тарааж сонгогчдыг өгөөшөнд оруулж, эцэст нь тэдний саналаар авсан сандал суудалдаа эзэн болж чадаагүй гишүүдийн нэрлэвэл урт жагсаалт болно.
Тэгвэл одоо бид юуг анхаарч, хэнд саналаа өгөх вэ? Зөв сонголт хийх захиас авдаг ч чухам зөв сонголт гэж яг ямар сонголтыг хэлэх билээ.
Нийтэд танигдсан олны танил эрхмүүдийг дугуйлах, эсвэл ээж, аваа, эмээ, өвөөгийнхөө зөвлөсөн хүнийг сонгох зөв сонголтдоо орох уу. Мэдээж үгүй. Залуучууд энэ жил чухал эгзэгтэй мөчлөгийн гол сонгуульд санал өгөх эрхтэй. Тиймээс ухамсартай, хариуцлагатай байдал хамгаас чухал.
Товчоор хэлбэл, энэ жил нээлттэй ардчилсан нийгэмд үргэлжлүүлэн амьдрах уу, эсвэл дарангуйллын зарчимтай тогтолцоонд шилжих үү гэдгийг утгаар нь сонгох эгзэгтэй үе.
Цар тахлын жилүүдэд бид эрх чөлөө боомилогдож, хумигдсан байдлыг утгаар нь мэдэрсэн. Орлого буурч, ажил, амьдралын цикл алдагдаж, ахин тийм үе тохиолдохгүй байгаасай гэж хэлэхэд хүрч, үзэл бодлоо илэрхийлж төв талбайдаа жагсахад хүрсэн. Энэ бүхнээс дүгнэхэд сонгуулийн оролцоо чухал болох нь тодорхой харагдаж байна.
Ирц, идэвх, аль насныхны төлөөлөл их байна сонгуулийн үр дүн, гарах хүлээлт тийм л байна.
Тиймээс залуу хүн бүр саналаа өгч байж өөрийн хүсч байгаа улсад, гадаад руу гарах шаардлагагүйгээр амьдрах боломж бүрдэнэ. Ирээдүйн 30 жилдээ юу тарих вэ гэдэг нь залуус биднээс шалтгаална. Залуусаа халаас хоосон ч эрх чөлөө чамд байна!
Холбоотой мэдээ