"Алтайн хүдэр" компанийн захирал Р.Базарын өмгөөлөгчийн хүсэлтийг маргааш /2024.05.09/ 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэх гэнэ. Түүний өмгөөлөгч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан байна. Энэ талаар шүүхээс тодруулахад "Р.Базарын өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан нь үнэн. Өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээс өмнө нийслэлийн Баянголд дүүрэгт бүртгэлтэй хэрэг нь Сүхбаатар дүүргийн шүүхийн харьяалал мөн эсэхийг хэлэлцэнэ. Үүний дараагаар Р.Базар нарыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ. Мөн энэ хэрэгтэй холбоотой адилхан хүсэлт өөр шүүгч дээр ирсэн" гэдэг мэдээллийг өглөө.
"Алтайн хүдэр" компанийн захирал Р.Базарын ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нэгжлэг хийсэн. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээлж байв. Шалгалтын ажлын хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авсан.
Холбоотой мэдээ