АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Газын өмнөд хэсэгт орших Рафах хотыг эзлэн түрэмгийлэх израильчуудыг эсэргүүцэн, Израиль руу зэвсэг нийлүүлэлтээ зогсоов. Байден Рафагийн эсрэг израильчуудын хийж буй өргөн цар хүрээтэй дайралтыг зогсоохоор хичээж байна. Нэрээ нууцалсан албаны хүний мэдээлснээр, Израиль Рафах руу довтолно гэж мэдэгдсэний дараа, АНУ-ын засгийн газар Израиль руу нийлүүлж буй зэвсгийг Газад ашиглаж байгаа үгүйг шалгаж эхэлсэн байна.
“Энэхүү шалгалтын үр дүнд бид өнгөрсөн долоо хоногт 900 кг болон 225 кг тэсрэх бөмбөгийн нийлүүлэлтийг түр зогсоолоо. Бидний хамгийн их анхаарч шалгасан 900 кг тэсрэх бөмбөг Газад ашиглагдаж байх магадлалтайг олж мэдсэн. Зэвсэг нийлүүлэлтийг хэр хугацаанд зогсоох эцсийн шийдвэр гараагүй байна" гэж албаны хүн мэдэгдэв. Мөн нарийн чиглэл гаргадаг тэсрэх бөмбөгний систем, Боинг-ын хамтарсан шууд довтолгооны сум (JDAMs) болон жижиг диаметртэй бөмбөгнүүдийг хоёр долоо хоногийн өмнөөс Израиль руу нийлүүлэхээ больжээ.
АНУ 6.5 мянга орчим "JDAM"-ийн тээвэрлэлтийг хойшлуулсан гэж Уолл Стрит сэтгүүл нэрээ нууцалсан албаны хүмүүсээс иш татан Мягмар гаригт мэдээлэв. Израиль Рафах хотод энгийн иргэдийг хохироохоос сэргийлэх арга хэмжээ авах хүртэл, зэвсэг нийлүүлэлтийг хойшлуулах арга хэмжээ Вашингтон авч эхэллээ. Байден Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Даваа гаригт утсаар ярьж, Рафахад хуурай замын дайралт хийхийг АНУ эсэргүүцэж байгааг мэдэгдсэн байна. Харин, Пентагон АНУ-ын Ойрхи Дорнод дахь хамгийн ойрын холбоотон Израилийн зэвсгийг зогсоох бодлогын шийдвэр гараагүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ