Засгийн газрын өнөөдрийн /2024.05.08/ хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци /ТОСК/ захиалгаар хамгийн хямд үнэтэй орон сууц бариулаад бага дунд орлоготой иргэдэд зээлээр олгох, эсвэл түрээслүүлэх гэсэн хоёр хэлбэрээр хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтээр хэрэгжиж ирсэн. Ипотекийн зээл авсан иргэдийн өрхийн сарын орлого нь 2,1 сая төгрөгөөс дээш байгаа. 2013-2024 оны хугацаанд 7,6 их наядын ипотекийн зээл олгогдож 104 мянган айл орон сууцтай болсон.
Харин сарын орлого нь 2,1 сая төгрөгөөс доош иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй. Одоо харин ахмадууд, Хөгжлийн брэхшээлтэй иргэн, залуу гэр бүлийг дээрх хуулийн хүрээнд хямд үнэтэй орон сууцанд хамруулна.
Өөрөөр хэлбэл, ТОСК хамгийн хямд үнэтэй орон сууцыг захиалгаар бариулж, орлого багатай иргэдэд нийлүүлнэ. 20-иос дээш жилээр орон сууцыг зээлнэ, ахмадууд аль эсвэл залуу гэр бүлд түрээслүүлж болно. Залуу гэр бүлийн хувьд орлого нь сайжраад ирэхээр байрны нөхцөлөө сайжруулаад явж болно. Газрыг нь, дэд бүтцийг нь төрөөс шийдээд өгөхөөр хамгийн хямд үнэтэй орон сууц баригдах бүрэн боломжтой байгаа. Орон сууцны метр квадрат бас нэг их том биш. 30-40 мк гэдэг ч юм уу. Ийм байдлаар бага орлоготой иргэдийг орон сууцаар хангана.
Энэ жилийн тухайд 100 суманд төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар 100 суманд дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байгаа. Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.
Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-Импортоор орж ирэх цементийн татварыг бууруулсан. Орон сууцны үнэд нөлөөлөх үү?
-Засгийн газраас энэ жил орон сууцны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилго тавьсан учраас импортоор орж ирэх цементийн татварыг буруулсан. Гаднаас цемент зэрэгцээд орж ирэхээр хомсдол үүсч, үнэ өсөхгүй гэсэн үг.
-Иргэдийг орон сууцаар хангахад тавих шалгуур нь ямар байх вэ. Сүүлийн дөрвөн жилд хэчнээн иргэн ипотекийн зээлд хамрагдсан бэ?
-Ипотекийн зээлийн 50 хувийг орон нутагт олгоно. Энэ жилийн тухайд эхний нэгдүгээр улирлын байдлаар 2079 иргэн 241 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байдаг. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо 2,5 дахин нэмэгдсэн.
Сүүлийн 4 жилд ипотекийн зээл олголт өссөн. Хамгийн их ипотекийн зээл олгосон жил нь 2021 он. 2021 онд 13292 иргэн, 2022 онд 7800 иргэн, 2023 онд 8869 иргэн ипотекийн зээлд хамрагдсан мэдээлэл байна. Мөн энэ жилийн тухайд 100 суманд төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хүрээнд найман айлын орон сууц барих ажил эхэлнэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ