Хойд Солонгосын суртал ухуулгын загалмайлсан эцэг нас барав

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын суртал ухуулгын загалмайлсан эцэг нас барав

Хойд Солонгосын суртал ухуулгын загалмайлсан эцэг нас барав

Хойд Солонгосын суртал ухуулгын мастер асан Ким Ки Нам 94 насандаа нас баржээ. Тэрбээр нас өндөр болж, олон эрхтэн системийн үйл ажиллагаа нь доголдсон тул 2022 оноос хойш эмчилгээ хийлгэж байсан. Ким Ки Нам нь тоталитар дэглэмтэй улсын суртал ухуулгын хүчин чармайлтыг олон арван жил удирдсан нэгэн юм.

Удирдагч Ким Жон Ун өнөөдөр өглөө /2024.05.08/ түүний оршуулах ёслолд оролцож, ахмад хувьсгалчдаа хүндэтгэл үзүүлжээ.

Өмнөд Солонгосын "Yonhap" хэвлэлд түүнийг нацист Германы суртал ухуулгын мастер Жозеф Геббельстэй зүйрлэжээ. Жозеф Геббельс нь "Худал үгийг мянга давтвал үнэн болдог" гэсэн үзэл баримтлалаараа алдартай нэгэн байв.

Ким овог нь Хойд болон Өмнөд Солонгост хамгийн түгээмэл ч гэлээ Ким Ки Намын хувьд эрх баригч гэр бүлтэй цусан төрлийн холбоогүй. Тэрээр 1966 онд Пёньяны Суртал ухуулгын газрын дэд даргаар томилогдсоноосоо хойш удирдагч агсан Ким Жон Илтэй нягт хамтран ажиллаж байжээ. Тэднийг ойр дотно харилцаатайгаар тогтохгүй "архины найзууд" байсан гэж хэвлэлээр бичдэг. 1970-аад онд тэр төрийн хэвлэл болох "Родон Синмун"-ы даргаар томилогджээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүн 2009 онд нас барахад Хойд Солонгосын цөөхөн албан тушаалтан хөрш улсдаа айлчилж, оршуулах ёслолд оролцож байв. Тэдгээр цөөхөн албан тушаалтны тоонд Ким Ки Нам багтсан байдаг.

Ким Ки Нам олон 10 жилийн турш Хойд Солонгосын улс төрийн уриа лоозонг биечлэн зохиож, үүгээрээ хэвлэл мэдээлэл, дүрслэх урлагийн салбарт асар их нөлөө үзүүлжээ.

Удирдагч агсан Ким Жон Илийг нас барсны дараа түүний хүү Ким Жон Ун халааг авах нь тодорхой байсан. Гэхдээ энэ үйл явцыг илүү түргэсгэж өгсөн зүйл нь суртал ухуулга байв. Тэр үед Ким Жон Ун 20-иодхон настай байсан. Ким Жон Илийг нас барсны дараахан Хойд Солонгосын төрийн хэвлэлээр "Ким Жон Уны мэргэн удирдлага дор байгаа цагт дэлхий дээрх ямар ч хүчин манай нам, арми, ард түмний хувьсгалт дэвшлийг шалгаж чадахгүй. Бид Ким Жон Уны удирдлага дор уй гашуугаа хүч чадал, зориг болгон хувиргаж, хүндрэлийг даван туулах ёстой" гэсэн мэдэгдэл гарчээ.

Тэрбээр 2010 оны сүүлээс зодог тайлж, албан үүргээ Ким Жон Уны дүү Ким Ё Жонд шилжүүлсэн. Гэхдээ олон нийтийн арга хэмжээнүүдэд тасралтгүй оролцсоор байсан нь удирдагчийн гэр бүлтэй салшгүй сайн холбоотойн илрэл юм. "Родонг Синмун" сонин өнөөдрийн дугаарын нүүр хуудсаа тэр чигээр нь Ким Ки Намын тухай дэлгэрэнгүй мэдээлэхэд зориулжээ. Энэ нь мэдээж түүнд үзүүлж буй нөр их хүндэтгэлийг илэрхийлнэ.

Харин Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли энэ үйл явдалтай холбогдуулан "Хойд Солонгосын суртал ухуулгын эрин үе дууслаа" гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж