Жога Бонита хэмээн алдаршиж, хөлбөмбөгийн дэлхийн аваргад таван удаа түрүүлсэн Бразилын түүхийг харвал хөлбөмбөгийн эх орон гэдэгтэй бүгд санал нийлнэ. Гэхдээ одоог хүртэл хөлбөмбөгийн эх орон хэвээрээ юу?
Нэгэн цагт самба хэв маягаараа дэлхий нийтийг гайхшруулж байсан Пеле, Гарринча, Роналдиньо тэргүүтэй шилдгүүдийн өлгий нутаг 2002 оноос хойш дэлхийн аварга түрүүлээгүй бөгөөд 2007 оны Какагаас "Алтан бөмбөг"-ийн эзэн төрөөгүй л байна.
2026 оны дэлхийн аваргад оролцох эрхээ авах аялал нь хүртэл саад бартаатай байна. Одоогоор тэд Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтын зургадугаар байрт долоон оноотой явна. Тус тивээс зургаан баг шууд оролцох эрхээ авах бол долдугаар байрт орсон баг нь бусад тивийн багуудтай нэмэлт тоглолт хийх учиртай.
Дэлхийн аварга, Бразилын домогт Пелегийн том хүү Эдиньо хэвлэлд ярихдаа "Бразилын хөлбөмбөг одоо хамгийн доод цэгтээ байна. Бидэнд одоогийнхоос илүү өндөр түвшний чанартай тамирчид байсан" гэжээ.
Бразилын ерөнхийлөгч Луиз Инасио Лула Да Силва ч хөлбөмбөгийн шигшээ багаа шүүмжилж, дэлхий дээрх хамгийн гайхалтай хөлбөмбөгийг тоглохоо больсон гэв.
Тэгвэл Бразилын хөлбөмбөгт юу тохиосон бэ?
ТАЛБАЙГҮЙ БОЛСОН
Бразилын домгууд, шилдэг тамирчид бүгд л гудамжнаас төрсөн гэлцдэг. Гэтэл одоо гудамжны хөлбөмбөг гэх зүйл бараг л үгүй болжээ. Ривелино, Зико, Ромарио гээд одод бүгд л гудамжнаас дэлхийн тавцанд хүрсэн.
Сан Пауло хотын хойд хэсэгт үлдсэн цөөн хэдэн талбайнуудын нэг дээр тоглодог Лауро Насименто ярихдаа "Хэн ч гудамжинд тоглохоо больсон. Хөлбөмбөг тоглож байгаад айлын цонх хагаллаа гэж ч дуулдахаа болилоо" гэсэн юм. Өдгөө 52 настай тэрбээр санхүүгийн мэргэжилтэй ч чөлөөт цагаараа нутгийнхаа Аурора багт тоглодог аж. Хүүхэд байхдаа ч хөл нүцгэн хөлбөмбөг тоглож, хэд хэдэн хуруугаа хугалж байжээ.
Өдгөө түүний аж төрдөг Вила Аурора дүүргийн хөлбөмбөгийн талбайнууд үгүй болж, бетоноор хучигдаж, хоёр барилга баригджээ.
Спортын түүхч Аира Бонфим "Хүүхэд бүр хөлбөмбөг тоглож эхлэхэд хангалтай зай талбай хэрэгтэй. Гэтэл одоо үл хөдлөх хөрөнгийн бизнес газар авч, гол зүйл болжээ" гэв.
Насименто болон түүний найзууд сарын 160 ам.доллараар хөлбөмбөгийн талбай түрээсэлж, тоглодог гэнэ. Гэхдээ жирийн ажилчин ангийн хувьд сар бүр 160 ам.доллар төлж, хөлбөмбөг тоглоно гэдэг амьдралд хүнд тусна.
Өдгөө Бразилын амьдралын бололцоогүй өрхийн хүүхдүүдийн хөлбөмбөг тоглох боломж нь сургуулийн орчин, нийгмийн сайн үйлсийн аян, хөлбөмбөгийн академи л болжээ. 2021 оны судалгаагаар тус улсын таван хөлбөмбөгийн хүүхдийн академи тутмын нэг нь л үнэ төлбөргүй байсан аж.
Талбайнууд нь ч хиймэл зүлэгтэй учир хүүхдүүдийн техник, ур чадварт нөлөөлдөг гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг.
МЕХАНИК ХЭВ МАЯГ
Судлаач Эйлер Викторын хэлснээр хөлбөмбөгөөр хичээллэх цаг багассан нь Бразилын хөлбөмбөгт асар нөлөө үзүүлжээ. Тэрбээр "Европ тивд маш олон бразилчууд тоглож байгаа ч цөөхөн нь од болжээ" гэв. Түүний хувьд өдгөө 23 настай Винисиус Жуниор болон ирэх зун 18 нас хүрэх Эндрик нарыг дараагийн супер одод гэж харж байна.
Бразил хөлбөмбөгчид экспортоороо дэлхийд тэргүүлж байгаа ч үнэд хүрэх нь багасчээ. FIFA-ийн өнгөрсөн жилийн тоо баримтыг үзвэл, 2375 бразил хөлбөмбөгчний солилцоо наймааны зардал 935.3 сая ам.доллар байжээ. Гэтэл 2018 онд 1753 хөлбөмбөгчний зардал 20 хувиар илүү байв.
Бразил тоглогчдын үнэлгээ унажээ. Рио-де-Жанейрогийн гадна орших Сан Гонкало дахь Фламенго клубын залуучуудын академийн дасгалжуулагч Виктор Хюго да Силва “Бидний техник муудсан. Мөн тоглолтын арга барил өөрчлөгдсөн. Үүнээс болж бидний бүтээлч сэтгэлгээ үгүй болсон. Бидний хөлбөмбөг өмнө нь баяр хөөр дагуулдаг байлаа. Гэтэл одоо илүү механик болжээ" гэв.
Тус академид Винисиус боловсорч, өдгөө дэлхийн хамгийн шилдэг баг Реал Мадридад тоглож байна. Түүн шиг болох мөрөөдөлтэй 7-10 настай хүү хиймэл зүлгэн дээр Викторын удирдлага дор бэлтгэлээ хийж байна.
Бразилын шинэ үеийнхэнд хөлбөмбөг тоглох, амжилтад хүрэх авьяас чадвар, өгөгдөл байгаа ч бэрхшээл бас гарчээ. Тухайлбал, амьдралын хэв маяг, дэлгэцийн донтолт.
Бразил улс 203 сая хүн амтай ч түүнээсээ олон гар утастай. Тус улсын 5-19 настай хүүхдүүдийн гуравны нэгээс илүү нь илүүдэлтэй жинтэй эсвэл таргалалттай байна.
Сан Пауло хотын Коринтианс клубын скаут Робсон Зимерманы хэлснээр одоогийн хөлбөмбөгчид дэндүү олон зүйлд санаагаа зовоодог гэжээ. Тухайлбал, тоглох байрлал, гэр бүл, хэвлэл мэдээлэл гээд гол асуудлууд байна. Тэрбээр "Өмнө нь хөлбөмбөгчид зөвхөн хөлбөмбөг тоглох тал дээрээ анхаарч, санаа зовдог байлаа" гэсэн юм.
Харин Палмейрас клубын ерөнхийлөгч Лэйла Перейрагийн хувьд Бразил үргэлж хөлбөмбөгийн орон байх болно гэдгийг онцлов. Бразилын хөлбөмбөгийн клубууд тивийнхээ аваргад тав дараалан түрүүлснээс Палмейрас хоёр удаад нь манлайлжээ.
Сүүлд л гэхэд тус клуб Эндрик гэх залуу тоглогчоо Реал Мадридад 65 сая ам.доллараар заржээ. Түүний араас Эстевао, Луис Гилерме гэх залуу одод өөрсдийн цагаа хүлээж байна.
Холбоотой мэдээ