НИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Цэндийн Баатархүү, "Ногоон Үндэстэн" ТББ-тай хамтраад хашаандаа жимсний мод ургуулах “Өрх бүр 5 мод” төслийг санаачлаад таван жил болжээ.
"Өрх бүр 5 мод" төсөл хэрэгжсэн хугацаанд нийтдээ 1000 гаруй өрх айл жимсний модоо амжилттай ургуулсан байна.
Монголчууд жил бүрийн намар, хавартаа мод тарьдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн ч тарьсан модоо арчилж, хамгаалдаг нь тун ховор. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд тарьсан олон мод ургаагүй, үр ашиггүй болж, мод тарьсан зурагтай л үлддэг дарга нар олон бий. Ц.Баатархүүгийн хувьд мод тарих ажилд таван жилийг зарцуулсан бөгөөд ингэхдээ тариад зураг даруулаад орхидог дарга нараас өөр нь тарьсан моднуудаа бүртгэдэг, ургалтыг нь дэмжиж иржээ. Тэр ч бүү хэл ургуулсан бол жил бүр урамшуулал олгодог зарчмыг барьж ажилласан байна. Өөрөөр хэлбэл, мод тарьж байгаль экологийн тэнцвэр хадгалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна, тарьсан модоо ургуулж, арчилж, тордож байгаа бол урамшуулал авдаг байх зарчим баримталдаг байна. Жил бүр тарьсан модоо амжилттай ургуулсан 100 өрхийг шалгаруулж баяраа тэмдэглэдэг нь мод тарьдаг иргэд, айл өрхүүдийг урамшуулсан үр дүнтэй ажил болдог гэдгийг оролцогчид хэлж байсан юм.
Түүнчлэн гэр хороололд мод ургуулах гол хүндрэл нь ус байдаг учир "Өрх бүр 5 мод” төслийхэн анх тарьж буй айлуудад усны карт өгөх, ус ойртуулах, мэргэжлийн баг өрх айлуудаар явж модоо амжилттай ургуулах зөвлөгөө өгдөг байна. Гэр хороололд буй дахин төлөвлөлтийн бүсэд орохгүй 150 гаруй өрх айл бүр хашаандаа тав таван мод ургуулбал нийслэл хот нэг жилийн тодор 1 сая гаруй модтой болно.
Мод бол агаар, хөрс цэвэрлэнэ, үер усны эрсдлийг бууруулна, хотын эвгүй үнэрийг дарч чадах хамгийн гайхамшигтай бүтээл. Хотод ургуулж буй мод бүр хотын иргэн бүрийн эрүүл мэндэд хамаатай. Тиймээс мод ургуулсан бол урамшуулдаг хуультай болох ёстой гэж "Өрх бүр 5" төсөлд хамрагдсан иргэд онцолж байлаа.
Холбоотой мэдээ