Сонгуулийн халуурал дээд цэг рүүгээ дөхөж байна. Эмээлтэй хазаартай морь цээжиндээ сойсон улстөрчид энд тэндгүй "давхилдаж", эрх мэдлийн төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шинжтэй болжээ. Сонгууль ойртох тусам шоу ч ихсэнэ, солиорол ч нэмэгдэнэ. Нам даргадаа наалдаж гүйгээд ногоон гэрлээр визэ авчихсан, дараагийн парламентын гишүүн болсон гээд бодчихсон яваа нь байна. Болохгүй бол өөр нам эвсэл руу урваж, шарвахад бэлэн нөхдүүд ч нам, намын хаалга үүд татаж явна.
Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах хуулийн зохицуулалттай. Уг зохицуулалтын дагуу 2024 оны тавдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 20-ныг дуустал долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм. Сонгуулийн сунгаа үрэлжлэх өдрүүд үндсэндээ өндөрлөж байна. Ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгуульд аль намаас хэн хэн шандас хүчээ сорих талаар эцсийн шийдвэр удахгүй гарна. Угтаа одоогоор сонгуулийн их хурд уралдаанд оролцож иргэдийн итгэлийг даана гэсэн итгэл найдлага тээсэн горьдогчид олон бий. Ирэх долоо хоногийн Мягмар гаригаас эхлэн зургаан хоногийн турш нам, эсвлүүдийн дотор ил, далд өрсөлдөөн өрнөнө. Ингээд эцэст нь нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй парламент бүрднэ. Тиймээс 78 гишүүнийг пропорционалиар 48 гишүүнийг жагсаалтаар сонгох юм. Мэдээж, нэр дэвших хүсэлтэй хүмүүс МАН, АН хэдэн зуугаараа яригдана. Харин нэр дэвших эрхээ зөвхөн 126 нь авна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага гэж бий. Тухайлбал, өр төлбөртэй, тэр нь шүүхээр тогтоосон бол сонгуульд нэр дэвших эрхгүй. Түүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргээр шийтгэгдсэн болон аливаа хуулийн этгээдийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг бол нэр дэвшүүлэхгүй гэх мэт олон заалтууд бий. Улс төрийн намууд эхэндээ авлига, албн тугаалын гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч болов нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлаад байгаа ч эцэстээ ямар шийдвэр гаргахыг харах л үлдэж байна. Түүнчлэн жагсаалтад багтах нэрсийг ямар шалгуураар жагсааж бичих нь өнөөдрийг хүртэл нууц байгаа ч жагсаалтаар парламентад орох мөрөөдөлтэй горьлогчид ч олон байна. Жагсаалтад нийгмийн бүхий л төлөөллийг багтаана гэдэг бүдэг бадаг тодорхойлолттой байна. Олон улсын туршлагаас харахад ч улс төр, хууль эрх зүй, парламентын тогтолцоо судалдаг мэргэшсэн судлаачдын дүгнэлтээр ч нийгмийн төлөөлөл гэх нэрийн дор хууль тогтоох, хэлэлцэх, судлах, санал оруулах, боловсруулах чадамжгүй хүнийг УИХ-д оруулж ирэх нь дэвшил биш уналт болно гэдгийг анхааруулсаар байгаа юм.
Тиймээс иргэд парламентад өөрийгөө бүхий л талаар төлөөлж чадах чадвартай, туршлагатай улстөрчийг сонгох, цаашлаад жагсаалтаар оруулж ирэх хүмүүст ч тийм шаардлага тавих хэрэгтэй.
Нэр дэвшигчдийн нэрс тодрох хугацаа ойртсон энэ үед намдаа хэр их нөлөөтэй, мөнгөтэй нь дэвших эрхээ авдаг бичигдээгүй хууль бий. Нэг ёсондоо мөнгөтэй, эрх мэдэлтэй, нөлөөтэй дотроосоо хэн илүү нь илүүрхдэг нь жам. Ялангуяа Ардчилсан нам, Монгол ардын намаас нэр дэвшигчдийн хувьд энэ бол тоглоомын гол дүрэм. Хэдийгээр хуульд нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох заалттай боловч энэ заалт бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Ардчилсан нам МАН-ыг бодвол нэр дэвшигчээсээ хэдэн төгрөгийн дэнчин авсан гэдгээ ил тод хэлж ирсэн. Харин МАН-ын хувьд энэ талаарх мэдээлэл ил тод болоогүй ч ханцуйн доогуураа АН-ын дэнчинг арав нугалдаг гэх яриа ч бий.
Сонгуулийн тухай хуулиас…
30.1.Нам, эвсэл нь 78 хүртэл хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт, 48 хүртэл хүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаар тус тус нэр дэвшүүлнэ.
30.2.Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.
30.3.Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.
Ийнхүү, улс төрийн намуудын хоорондох болоод нам доторх цусгүй тулаанд улстөрчид сэм бэлдэж байна.
Холбоотой мэдээ