Барууны заналхийллийн хариуд Оросын цэргийн хүчин цөмийн сургуулилалт хийж эхлэхийг Владимир Путин тушаав. Москва 2022 онд Украинд түрэмгийлснээс хойш хэд хэдэн удаа цөмийн зэвсэг ашиглах талаар сануулга өгч байсан. Тэгвэл тавдугаар сарын 6-ны Даваа гаригт албан ёсоор тушаал гаргажээ. Энэ талаар Батлан хамгаалах яам "Сургалтын үеэр стратегийн бус цөмийн зэвсгийг бэлтгэх, ашиглах чадварыг дадлагажуулах цогц арга хэмжээ авна" гэж мэдэгдэв.
Стратегийн бус эсвэл тактикийн цөмийн зэвсэг гэдэг нь бүхэл бүтэн хотыг устгаж чадах стратегийн цөмийн зэвсгээс бага хүчин чадалтай зэвсгийг хэлнэ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Барууны эрх баригчид Оросын эсрэг "өдөөн хатгасан мэдэгдэл, заналхийлэл үйлдсэний" дараа сургуулилалтыг зарласан" гэж онцолжээ. Москвагийн үзэж буй заналхийлэл гэдэг нь АНУ-ын засгийн газар Украинд 61 тэрбум ам.долларын тусламжийн багцыг баталсан явдал юм. Үүнд тодорхой хэмжээний зэвсэг, пуужин, хамгаалах систем, буу зэрэг орох ба Оросын шинэчлэгдсэн фронтын эсрэг шугамаа бэхжүүлэхийг оролдож буй Украинд нэн шаардлагатай зүйлс орно.
Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Орос улс Европын аюулгүй байдал болон хилийн ойролцоох бусад улс орнуудад эрсдэл учруулж байгааг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон анхааруулсан. Үүний дараа, барууны цэргийг Украин руу илгээхийг үгүйсгэхгүй гэдгээ дахин нотолсон байна. Тэрбээр "The Economist" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би юуг ч үгүйсгэхгүй. Учир нь бид юуг ч үгүйсгэдэггүй хүнтэй нүүр тулж байна. Надад тодорхой стратегийн зорилго бий. Энэ нь Орос Украинд ялалт байгуулж чадахгүйг батална. Хэрэв Орос Украинд ялалт байгуулбал Европт аюулгүй байдал үгүй болно. Орос Украины дараа зогсоно гэдэгт хэн итгэх юм бэ?" гэжээ.
Украин руу довтлоход ямар нэгэн саад тотгор учрах эсвэл бусад улс орнууд Крымд дэмжлэг үзүүлэх тухай амлалт өгөх үед Орос цөмийн зэвсгийн аюулыг өсгөх хандлагатай байдаг. Украин 2022 оны сүүлээр газар нутгийнхаа нэлээд хэсгийг чөлөөлсний дараа Путин дайн "хэсэг хугацаа шаардана" гэдгийг хүлээн зөвшөөрч, цөмийн дайны аюул "өсөхийг" анхааруулаад байв. Түүнчлэн, 2023 онд дэлхийн хамгийн том хоёр цөмийн зэвсгийн гэрээ болох " Шинэ эхлэл"-ээс Орос гарах талаар мэдэгдсэн. Тус гэрээ нь АНУ, Орос хоёрын байгуулсан цөмийн зэвсгийг хорогдуулах, зохицуулах тухай байдаг. Орос улс цөмийн зэвсгийн туршилтыг анхлан хийхгүй, харин АНУ туршилт хийсэн тохиолдолд хийх болно гэж Путин мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ