Сингапур, Дохагийн нисэх онгоцны буудлууд "дэлхийн шилдэг"-ийн төлөө өрсөлдөж байгаа бол Японы Кансай олон улсын нисэх буудал өөр амжилтад анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, Кансайн олон улсын нисэх онгоцны буудал нэг ч тээш алдалгүй 30 жилийг үджээ.
Тус нисэх буудал нь ачааллаараа Япондоо долдугаар байранд ордог. Нисэх буудал 1994 оны есдүгээр сард ашиглалтад орсноосоо хойш нэг ч зорчигчийн тээшийг алдаагүй бөгөөд жилд дунджаар 20-30 сая зорчигч хүлээн авдаг.
Агаарын тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын хувьд ачаа нь зорьсон газартаа аюулгүй хүрнэ гэдэг сайн мэдээ. Гэтэл нисэх буудлын ажилтнууд энэ ололт амжилтдаа тэгтлээ хөөрөн баясахгүй байгааа аж. Тодруулбал, нисэх буудлын олон нийттэй харилцах ажилтан Кэнжи Таканиши хэлэхдээ "Бид онцгой зүйл хийсэн юм шиг санагдахгүй байна. Бид ердийнхөөрөө л ажиллаж байна. Өдөр тутмын ажлаа л бид хийж байгаа. Үүгээрээ бид хүлээн зөвшөөрүүлдэг. Гэхдээ бид баяртай байгаа" гэжээ.
Нисэхийн зэрэглэл, үнэлгээний "Skytrax" цахим хуудас дөрөвдүгээр сард хамгийн шилдэг тээш хүргэлттэй нисэх буудлаар Кансай олон улсын нисэх буудлыг шалгаруулсан.
Эх сурвалж: CNN