Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат нь Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллах үеэрээ “Бүсчилсэн хөгжил” Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, зөрчөөгүй гэдэг асуудал хөндөгдөөд байна. Хэрвээ энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад "Хууль зөрчсөн" гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль үйлчилж буй. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат нарын байр суурийг онцоллоо.
Д.Даваа-Очир:
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга
-Сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад баруун аймагт явж байна гэдэг маань УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шууд зөрчиж байгаа. Тэгж л хэлэх байна.
Төр засгийн ажил тасралтгүй явах ёстой. Засаг дарга хүн ажлаа танилцуулаад явж байгаа бол нээлттэй. Горилогч хүн Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад энд тэнд явж байх юм бол энэ бол шууд хууль бус сурталчилгаа. Хэрвээ энэ дээр гомдол гаргаад цагдаагийн байгууллага Зөрчлийн хуулиараа шалгагдаад тогтоогдох юм бол хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг ойлгох ёстой. Мэдээлэл гол нь тодорхой эзэнтэй, тодорхой хүнтэй баймаар байна. Ерөнхий юм яриад “Сошиалд явж байгаа мэдээллээ хараач ээ, П.Дэлгэрнаран, Д.Даваа-Очир оо, Д.Бат-Эрдэнэ ээ. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийхгүй байна” гээд бидэн рүү хандаад байгаа. Дорж юм уу, Бурмаа юм уу гэдгийг нэртэй нь хөндөөд тодорхой тавих юм бол бид ч Сонгуулийн хороотойгоо ажиллая, цагдаатайгаа ажиллая. Энэ мэдээлтэй холбогдуулаад бид 330 сумын Сонгуулийн хороо, аймаг, нийслэлийн Сонгуулийн хороонд албан ёсоор албан тоот хүргээд энэ хүрээнд хэдүүлээ ажлаа нэгтгэж ажиллая. Сум дүүрэг, аймаг нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүнээр цагдаагийн дарга нар ажиллаж байгаа. Цагдаагийн дарга нарт бүрэн эрх нь байгаа учраас хамтарч шалгах, хамтарч ажиллах бололцоо нь нээлттэй. Тийм учраас хэвлэл мэдээллийнхэн та бүхэн бидэнтэй хамтарч ажиллаж шүгэл үлээгээч гэж хандаж байна. Хууль бус сурталчилгаа тодорхой эзэнтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөнхий юм ярьсаар байгаад сонгууль дуусна шүү.
Н.Цэрэнбат:
Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан
-Миний бие Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсгийн гишүүнээр Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад энэ өдрүүдэд ажиллаж байна. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уг ажлыг сонгуулийн сурталчилгаа хийн хууль зөрчиж байна зэргээр санаатайгаар олон нийтэд буруу, ташаа мэдээлэл өгч байгаа тул залруулга хийн холбогдох Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгийг хавсарган хүргэж байна.
Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж, Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохоо илэрхийлье.
Г.ХОРОЛ