Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси өнгөрсөн долоо хоногт Өмнөд Азийн бүс нутгаар айлчилсан. Тодруулбал, тэрбээр Пакистанд гурван өдөр, Шри Ланкад нэг өдөр тус тус саатсан юм. Энэхүү айлчлал нь Ираны хувьд Ойрхи Дорнод дахь тогтворгүй байдлын дунд ямар оролцоотой байгаагаа бүс нутгийн тоглогчдод харуулах боломж байв.
Өмнөд Азийн бүс нутагт сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамгийн хүнд дарамттай тулгарсан улсууд бол Пакистан, Шри Ланка. Тэдний хэн хэн нь Ирантай хамтран ажилласнаар ашиг тусыг нь хүртэнэ гэж найдаж буй.
Үүний зэрэгцээ, Раисигийн айлчлал нь Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үргэлжилж байгаа ч дипломат харилцаа идэвхтэй хэвээр байгаа гэдгээ дэлхий нийтэд харуулах боломжийг Иранд олгосон. Сүүлийн үеийн энэхүү дипломат бодлого нь геополитикийн бас нэгэн шинэ чиг хандлагыг илтгэнэ. Тодруулбал, АНУ-ын өрсөлдөгч Хятад, Оросын нэгэн адил Иран ч Өмнөд Ази дахь харилцаагаа гүнзгийрүүлж байна. Гэвч нэг учир дутагдалтай тал нь Иран улс барууны болон Израилийн эсрэг ажиллагааг хэрэгжүүлэхдээ бүс нутаг дахь довтолгоог ашигладаг.
Өмнөд Ази дахь Хятадын нөлөөг хэн хүнгүй мэднэ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, вакцины бодлого болон бусад зөөлөн хүчний хэрэглүүрүүдээр дамжуулан Бээжин бүс нутагт томоохон нөлөө үзүүлсээр байна. Харин ОХУ-ын хувьд Энэтхэгтэй олон жилийн найрсаг харилцаатай байснаас гадна Бангладеш, Балбын эрчим хүчний гол хөрөнгө оруулагч юм. Тус улс Бангладештай дипломат болон цэргийн харилцаагаа нэмэгдүүлж, өнгөрсөн жилээс Пакистанд газрын тос нийлүүлж эхэлсэн.
Энэ бүхнээс харвал бүс нутагт Ираны орон зай тийм ч их байхгүй. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж магадгүй юм.
Эбрахим Раиси өнгөрсөн сард Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасинатай утсаар ярихдаа худалдаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн Мальдив долоон жил завсарласны эцэст Ирантай албан ёсны харилцаагаа сэргээв. Раиси өнгөрсөн долоо хоногийн айлчлалын үеэр Пакистантай чөлөөт худалдааны хэлэлцээрийг эцэслэн батлах амлалт өгснөөс гадна Шри Ланкад Ираны дэмжлэгтэй усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Эдгээр нь Иран тодорхой хэмжээнд амжилт байгуулж чадсаны илрэл юм.
Эрчим хүчний худалдаа, Газын зурвас дахь мөргөлдөөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад Энэтхэг, Ираны харилцаа бага зэрэг суларсан. Гэсэн хэдий ч энэ нь Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг өнгөрсөн нэгдүгээр сард Тегеранд айлчилж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийхэд саад болоогүй аж.
Саудын Араб-Иран хоорондын өнгөрсөн жилийн хэлэлцээр болон хүчирхэг тоглогч Бээжинтэй тогтоосон Тегераны харилцаа гэсэн хоёр хүчин зүйлээс үүдээд Ираны Өмнөд Ази дахь байр суурь хэтдээ улам бэхжих төлөвтэй байна.
Иран Өмнөд Азийн улсуудтай харилцахдаа барууныхан болон холбоотнуудын эсрэг байр суурийг баримталж байна. Тухайлбал, тэр Шри Ланкад айлчлахдаа Палестины нутаг дэвсгэрт хийсэн үйлдлийнх нь төлөө Израилийг шүүхэд өгөх ёстой гэж мэдэгдэж, барууныхныг буруутгасан юм. Пакистанд түүний мэдэгдэл улам хурц утгатай болсон. Тодруулбал, тэрбээр “Хэрвээ Израиль улс Иран руу дахин дайралт хийвэл устгана” гэж сүрдүүлжээ. Тэр өмнө нь ч бас иймэрхүү үг хэллэг хэрэглэж байсан. Гэхдээ энэ удаад байдал арай өөр байгаа аж. Энэ арга Өмнөд Ази дахь исламын шашинтай бусад улсад үйлчилж болох ч Израиль болон барууны орнуудтай сайн харилцаатай байдаг Шри Ланка гэх мэт улсад санаснаар нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй.
Ираны Өмнөд Азид оруулсан хөрөнгө оруулалт болон бусад тусламжийн хэмжээ тийм их биш. Тиймээс Өмнөд Азийн орнуудын хувьд барууныхны эсрэг хатуу үг хэллэгийг тэвчих хөшүүрэг дутмаг гэхэд болно.
Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан өнгөрсөн удаагийн Эбрахим Раисигийн айлчлалыг дэлхий дахинд илгээж буй мессеж гэж олон улсын шинжээчид үзэж байна. Ираны Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Раиси энэ айлчлалыг урьдаас сайтар төлөвлөсөн аж.
Тэрбээр “Энэхүү айлчлалаар дамжуулан Иран нь дайснуудтайгаа эрх мэдэл, нэр төрийн байр сууринаас ярихын зэрэгцээ найз нөхөдтэйгөө харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж чадах хүчирхэг орон гэдгийг бүс нутаг, дэлхий нийтэд мэдэгдэж байна” гэжээ.
Эх сурвалж: FOREIGN POLICY
Холбоотой мэдээ