Ажиллах хүчний хомсдолоос болоод Японы томоохон компаниудын ажиллуулдаг дэлгүүрүүдийн бараг 12 хувь нь 24 цагаар ажиллахаас татгалзах болжээ. Хүний нөөцөөс гадна шөнийн эрэлт багассан нь үүнд нөлөөлснийг Даваа гаригт нийтэлсэн судалгаа харуулав.
"Yamazaki Baking Co"-оос бусад бүх долоон том сүлжээ оператор уг судалгаанд оролцжээ. Судалгаагаар улс даяарх 55 мянган дэлгүүрийн 6400 орчим нь сүүлийн гурван сарын хугацаанд богиносгосон цагаар ажилласан байна. Зарим дэлгүүр ажиллах хүчний хомсдолоо даван туулахын тулд хүнгүй кассын машин нэвтрүүлж эхэлжээ.
Салбарын тэргүүлэгч "Seven-Eleven Japan Co" нь 2020 оны санхүүгийн жилээс хойш франчайз эзэмшигчдийн хүсэлтээр 200 гаруй дэлгүүрийнхээ ажлын цаийг богиносгосон. Харин "Lawson Inc" 100 орчим дэлгүүртээ ижил төстэй арга хэмжээ авчээ. Үндсэндээ Японы хамгийн том гурван сүлжээ дэлгүүр болох "Seven-Eleven Japan", "Lawson", "FamilyMart Co" аль аль нь ийм арга хэмжээ авсан аж. Гэхдээ ажиллах цагаа богиносгосон дэлгүүрүүдийнх нь эзлэх хувь бусад жижиг оператортой харьцуулахад харьцангуй бага буюу 8-10 орчим хувь байв.
Хоккайдо мужийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох "Seicomart" л гэхэд ажлын цагаа 87 хувиар багасгажээ. Мөн Японы баруун хэсгийн Хирошима хотод төвтэй "Poplar Co" 79 хувьтай байна.
"Seven-Eleven Japan Co" хамгийн анх 1974 оны тавдугаар сард Токио хотын Кото тойрогт дэлгүүрээ нээж байв. Үүнээс хойш 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүд хаа сайгүй олноор нээгдэж, үйлчлүүлэгчид зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр тогтохгүй санхүүгийн үйлчилгээ, багц хүргэлт зэрэг олон үйлчилгээг тав тухтай орчноос авах боломжтой болсон. Гэвч сүүлийн жилүүдэд дотоодын зах зээл ханахын зэрэгцээ ажиллах хүчний хямрал тус улсад нүүрлэж эхэлжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ