Засгийн газраас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг УИХ-д өргөн бариад буй. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулсан хөгжлийн төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндоржоос тодрууллаа.
Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгасан бодлогын тэргүүлэх чиглэлүүд нь юу вэ?
Нийтдээ 224 төсөл, арга хэмжээг тус төсөлд тусгасан. Ингэхдээ тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлсон. Нэгдүгээрт, “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”-ын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, экспортын зах зээлийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи, инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилт уул уурхайн шилжилт хийх, боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог замын төслүүдийг хэрэгжүүлж, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ бий болгох, эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх бодлого баримтална.
Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний орон сууцжуулах бодлогыг баялгийн сантай уялдуулан дэмжих, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг эрчимжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг өсгөж, өрсөлдөхүйц чадвартай төгсөгчдийг бэлтгэх, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хүн амын бүлэг бүрд зориулан оновчтой хэрэгжүүлэх, соёл, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
Гуравдугаарт, “шинжлэх ухаан, дэвшилт технологид тулгуурласан засаглалын бодлого”-ын хүрээнд төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, дэвшилт технологи ашиглаж, иргэдэд ойр төрийн үйлчилгээ бий болгох, шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах, хараат бус, ил тод шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааг хангах бодлого баримтална.
Дөрөвдүгээрт, “бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”-ын хүрээнд бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн оролцоог хязгаарлах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.
Тавдугаарт, “ногоон хөгжлийн бодлого”-ын дагуу ногоон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг хангах бодлого баримтална.
Зургаадугаарт, “бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төлөвлөх, бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүсүүдэд эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах бодлого хэрэгжүүлэхээр тусгасан.
Долоодугаарт, “Улаанбаатар хотын бүсчлэл-20 минутын хотын бодлого”-ын хүрээнд Улаанбаатарын засаглалыг сайжруулж, иргэд нийгмийн үйлчилгээг төвөгшөөлгүй, өөрийн гэрээс “20 минутын”-д авах бололцоо бий болгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг эрчимжүүлэх бодлого баримтална.
Наймдугаарт, “үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын хүрээнд “Нэг цонх-Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хүн, нийгмийн амар тайван орчныг бий болгох зэрэг бодлогыг тусгасан.
Төсвийн тухай хуульд 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр энэ жилээс эхлэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулдаг болсон. Түүнчлэн тус өөрчлөлтөөр төсвийн тогтвортой байдлыг хангах, төлөвлөлтөд нь олон нийтийн оролцоог хангахтай холбоотой олон сайн зохицуулалтыг энэ оноос хэрэгжүүлж байна” гэв.
Ташрамд дурдахад, УИХ “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг энэ сарын 31-ний дотор хэлэлцэн батална.
Холбоотой мэдээ