Орон нутгийн цагаар Мягмар гаригийн үүрээр Рафах хотод Израиль олон тооны агаараас цохилт өгсний улмаас хэд хэдэн палестин хүн амь үрэгдэж, шархадсан гэж Палестины иргэний хамгаалалтын албанаас нийтэлсэн байна.
"Өнөө шөнө Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах мужийн хэсэг газарт Израилийн байлдааны онгоцнууд бөмбөгдсөн. Иргэний хамгаалалтын баг хэд хэдэн байшингийн нуранги доороос алагдсан хүмүүсийг гаргаж, хэд хэдэн шархадсан хүмүүсийг тээвэрлэж чадсан" гэж мэдэгдэлд дурджээ. Мэдэгдэлтэй зэрэгцэн Иргэний хамгаалалтынхан цогцосны уутанд хийсэн хоёр хүний цогцсыг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ. Палестины албан ёсны мэдээллийн "WAFA" агентлагийн мэдээлснээр, Рафах хотод болсон хоёр удаагийн халдлагын үеэр найман палестин хүн амиа алдсан боловч яг цаг хугацаа тодорхойгүй хэвээр байна. Кувейтийн Рафах эмнэлэг 11 хүн нас барсан гэж орон нутгийн цагаар Мягмар гаригийн үүрээр фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.
Хамас руу цэргийн шахалт үзүүлэхийн тулд Рафах ажиллагааг үргэлжлүүлэхээр дайны сайд нарын танхим "санал нэгтэйгээр шийдсэн" гэж Израиль мэдэгдэв. Гэсэн хэдий ч Израиль дараагийн хэлэлцээнд оролцох төлөөлөгчдөө илгээх бөгөөд Катар Мягмар гаригт хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Рафахад өгсөн цохилтын талаар "CNN" агентлаг Израилийн батлан хамгаалах хүчинд хандсан боловч хариу мэдэгдэл өгөөгүй. Газын өмнөд хэсэгт цохилт өгсөн нь Хамаст цэргийн шахалт үзүүлсээр байх болно гэж Израилийн Ерөнхий сайдын алба Даваа гаригт мэдэгдсэний дараа болжээ. Израилийн цэргийн хүчнийхэн мөн Даваа гаригт "Одоогоор Газын зурвасын өмнөд хэсэгт орших зүүн Рафах дахь Хамас бүлэглэлийн алан хядах объектуудад цохилт өгч байна" гэж мэдэгдэв. Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, Ням гаригаас Даваа гарагийн үүр хүртэл Рафах хотод болсон цохилтын үеэр дор хаяж 26 хүн амь үрэгджээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ