Монгол залуус эдийн засгийн бас санхүүгийн эрх чөлөөгөөр гачигдаж байна. Иймдээ ч харь улсыг зорьж, хар бор ажил голохгүй хийнэ гэж визэнд оочирлодог болж. МАН-ын засаг Монгол залууст эдийн засгийн эрх чөлөөг нь өгөх тун дургүй. Учир нь эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан залуус улс төрийн эрх чөлөөгөө бүрэн утгаар эдлэх болно. Монгол залуус тэр цагт МАН хэмээх Зөвлөлтийн дарангуйлагчдын байгуулж өгсөн боолчлолын тогтолцоог таягдан хаяна. Үүнээс үхтлээ айсан МАН-ын дарангуйлагчид “эх оронч” хуурамч лоозон дор “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуульд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Монгол залуус гадаадаас шууд хөрөнгө оруулалт татах боломжийг хаалаа.
БНХАУ-ын дарга СиЖинпин залуудаа Шанхай орчмын нэгэн мужийн дарга байсан гэдэг. Тэрээр харилцаа муутай, дайсагнасан харилцааг үл тоон Тайвань, Япон хоёроос асар их хөрөнгө оруулалт татаж чадсан юм. Хожим Хятадын дарга болсон хойноо ч барууны өндөр технологийг худалдаж авах, бүр хулгайлаад ч хамаагүй нутагшуулах болсон юм. Алдарт Теслагийн үйлдвэрийг нутагтаа бариулах гэж хятад бизнесменүүдэд олддоггүй таатай нөхцөлөөр газрын зөвшөөрлийг нь өгчээ.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган улс төрийн хувьд хүйтэн харилцаатай ч Герман, Францын хөрөнгө оруулагчдын өмнө өвдөг сөгдөн гуйх нь холгүй байж капиталыг нь татдаг юм. Алсаа харсан төрийн зүтгэлтнүүд ийм байдаг аж. Монголын улс төрчид зөвхөн өөрсдийгөө л боддог. Тэд эрх мэдлээ хадгалах, үр хүүхдэдээ өвлүүлж үлдээхээ л санаархдаг.
Энэ санаархалд нь саад болох хүмүүс бол баян чинээлэг, эрх чөлөөт Монгол залуус юм. Монгол залуус өнөөдөр гаднаас хөрөнгө оруулалт татах гэж үйлээ үздэг билээ. Тэдний хувьд гадаадынхныг тайвшруулдаг ганц зүйл нь Газрын харилцаа байлаа. Далайн чанадын хөрөнгө оруулагчид Монголд газар ашиглах эрхтэй байлаа гээд яана гэж? Ухаж аваад Орос, Хятадыг давуулаад зөөх үү? Үгүй. Тэдэнд баталгаа л хэрэгтэй байсан юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь тийм сайн ч биш, гэхдээ боломжийн хууль байлаа. Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг зохицуулах учиртай байв. Монгол Улс татварын бодит ачааллаар дэлхийд дээгүүрт ордог билээ. Тиймээс татварын бус дэмжлэгээр бусдыг царайчлахаас өөр арга үгүй. Үүнд: “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалт байв.
Монгол аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан бол ийм хугацаагаар газрын эрх олгогдоно гэсэн санаа юм. Гэвч сонгууль угтсан популизм, бас эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн дарангуйлагч дарга анги энэ зохицуулалтыг үгүй хийлээ.
Сонгууль бүрийн өмнө гэнэтийн шийдвэр гаргаж хуулиа өөрчилдөг ийм улсад хэн хөрөнгө оруулах вэ? Дарангуй төрт хоёр хөршийн дунд Монгол залуус тусгаар тогтнолоо хамгаалахын тулд гуравдагч хөршөөс хөрөнгө оруулалт татаж, дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой.
Хууль руугаа эргэж оръё. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд: “30.1.Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэжээ. Мөн 44.5-т “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэжээ. Одоо гадаадаас хөрөнгө оруулалт татаад ирсэн залуус илүү их хүнд сурталтай тулна, авлигачид, зөвшөөрөл өгдөг хувалзуудын арга улам нарийсаж тэднийг илүү их зовоох болно.
Ардчилсан Монгол улсад залуу хүмүүсийн баталгаатай эдлэх Хүний эрх бол хөрөнгө оруулалт татаж өөртөө болон бусдад ажлын байр бий болгох эрх юм. Энэ эрх ашгийг нь бас хүсэл мөрөөдлийг нь Занданшатарын явцуу эрх ашиг няц гишгэв. Арайхийж хөрөнгө оруулалт татаад ирсэн залуус одоо гаднын хөрөнгө оруулагчдын өмнө нүүрээ улайгаад зогсохгүй асар их төлбөрт унаж болзошгүй. МАН-ын дарга нарын нууц хуулийн компаниуд яг л зуднаар зоолох ноход шиг ядарсан Монголчуудаасаа мөнгийг нь Занданшатарын хуулийг барьж дээрэмдэх болно.
Монгол залуус аа, эрхийнхээ төлөө тэмцэгтүн. Социализм бол сонсоход диваажин шиг ч амьдрахад шорон шиг нийгэм. Тэнд зөвхөн дарга анги тусгай эрх ямба эдэлж, дабль стандартын “ачаар” жаргадаг юм.
Жирийн, ухаалаг залуус тэдний далайсан газар далд орж, далласан газар ир гарч амьдардаг юм. Монголын газар бол залуусын газар. Энэ бол дарга нарын эрх мэдлээ хадгалахын тулд попордог, өмчилдөг хэрэгсэл биш. Энэ газрын төлөө өвгөд дээдэс цусаа урсгасан. Залуусыг сайхан амьдраасай гэсэндээ тэд амь насаа өгцгөөсөн. 21-р зууны капиталист Монгол Улсад Монгол залуус газар дээрээ сандайлсан гуйлгачин байх ёсгүй. Дарга нарт л олддог, дарга нарын хүүхдүүдийн олж ирсэн хөрөнгө оруулалт л давуу байдал эзэмшдэг ийм нийгэм залууст огт хэрэггүй билээ. Иймээс залуусаа, өөрсдийнхөө төлөө бас бусдынхаа төлөө тэмцээрэй.
Эдийн засгийн ухааны доктор О.АЛАГШААЗГАЙ
Холбоотой мэдээ