Оросын эх газрыг Крымтэй холбодог Керчийн гүүр рүү Киевийн арми удаа дараалан халдлага үйлдсэний дараа зүүн Украин дахь хуурай замын гарцыг ашиглах болсон. Хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийхэд сүүлийн үед гүүрээр хөдөлгөөн байхгүй, нам гүм болжээ. Тиймээс Крымийн гүүрийг Украины зэвсэгт хүчний зэвсэгт хүчний хувьд үр дүнтэй цэргийн бай байхаа больсон гэж Молфар хувийн тагнуулын агентлагийн шинжээчид үзэв. Угтаа бол Украины ерөнхийлөгч Зеленский Крымийн гүүрийг хууль ёсны цэргийн бай гэж нэрлээд "Оросыг Крымтэй холбосноор энх тайван биш дайн авчирлаа" гэж хэлж байв.
Сүүлийн гурван сарын хугацаанд гүүрний төмөр замаар цэргийн зориулалттай ачааны галт тэрэг бараг гараагүй аж. Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 29-нд 55 орчим вагонтой шатахуун тээвэрлэсэн галт тэрэг л гарчээ. Ингээд 3, 4 дүгээр сард Оросын цэргийн эд хөрөнгөтэй холбоотой ямар ч хөдөлгөөн хийгээгүй байна.
Украины тал хамгийн хор хөнөөлтэй цохилтыг хамгийн сүүлд 2023 оны долдугаар сарын 17-нд өгчээ. Нисгэгчгүй онгоцны цохилтоор тухайн үед авто замын хэсэг болон төмөр замын шугамыг дэлбэлснээс хойш Оросын гүүрний ашиглалт мэдэгдэхүйц буурсан. Энэ халдлагаас өмнө ОХУ өдөр бүр зэвсэг ачсан 40 гаруй галт тэргийг гүүрээр нэвтрүүлж байжээ.
Молфар компанийн гүйцэтгэх захирал Артем Старосиекийн хэлснээр Украин одоо эзлэгдсэн бүс нутгуудыг Крым болон эх газрын Оростой холбох төмөр замын шинэ шугам тавьж байгаа Мелитополь, Бердянск, Мариуполь орчимд анхаарлаа хандуулах ёстой аж. Мелитополийн Акимивкагаас эхлээд Бердянск, Мариуполиор дайрч, ОХУ-ын Ростов хүрэх шинэ төмөр замыг Путины арми энэ зун эхлэх шинэ довтолгоонд ашиглана гэж үзэж байна. Шинэ шугамын 63 км-ыг шинээр тавьсан бол 140 нь сэргээн засварласан зам юм.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ