Хоорондоо биш допингтойгоо тэмцье, бөхчүүд ээ!

Хуучирсан мэдээ: 2024.05.07-нд нийтлэгдсэн

Хоорондоо биш допингтойгоо тэмцье, бөхчүүд ээ!

Хоорондоо биш допингтойгоо тэмцье, бөхчүүд ээ!

Допинг Монголын үндэсний бөхийн толгойг зовоосон асуудал болжээ. Дархан аварга А.Сүхбатаас анх илэрсэн допинг анхандаа аймгийн цолтнууд, улсын начин, харцагууд олноор илэрч байсан бол сүүлдээ бүр төрийн наадмын түрүү бөхчүүдээс илэрдэг болов. Хамгийн хортой нь үндэсний бөхөд хагарал, хуваагдлыг авчрах болсон.  Хамгийн сүүлд гэхэд улсын аварга О.Хангай, улсын арслан М.Бадарч хоёр допингоос болж, түнжин хагарав.

Монгол үндэсний бөх бол ард түмний баяр цэнгэлийн манлай, ёс заншил, бэлгэ тэмдэг, өв соёлын дархлаа билээ. Харин бөхчүүд бол биет бус соёлын өвийг тээгч, түмэн олныхоо үлгэр дуурайлал, шүтээн байдаг.

"Бөх бол төр" гэдэг үгнээс л харахад монголчууд бөхдөө ийм л хүндлэл бишрэлтэй байжээ.

Гэтэл одоо аварга, арслан цолтнууд нь хоорондоо толхилцож, нутаг нугаараа хуваагдах маргаан гарлаа. Ядаж байхад Ховд, Архангай гэсэн монгол бөхийн том өлгий нутгийн бөхчүүд юм сан. Бүх зүйл өнөөх л допингоос эхлэлтэй.

М.Бадарчийн допингийн асуудал Спортын арбитр дээр "гацаж", допинг хэрэглэсэн нь нотлогдсон аймгийн арслан Б.Өсөхбаяр шийтгэлийн хугацаагаа дуусгаагүй барилдсанаас болж, улсын аварга О.Хангай бухимдсан. Тэрбээр "Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх" гэв.

Үүнд нь хариу болгон М.Бадарч арслан "О.Хангай хоёулаа ДНХ-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНХ-ийн шинжилгээнд өгчих. Шээс сольсон байна уу, үгүй юу гэдэг нь нотлогдоно шүү дээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүү дээ. Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугатаасныг бөх сонирхогчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ. Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Ард түмэнд баатар болох гэж попроод яахав" хэмээн тайлбар өгөв.

О.Хангай аварга ч хариуд нь тухайн үед Covid-19-ийн халдвар авч, допингийн шинжилгээ өгөх боломжгүй байснаа тайлбарлажээ.

Үнэндээ бөхчүүд хоорондоо биш допингтойгоо тэр тусмаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Спортын арбитр, үндэсний бөхийн холбоо, болсон болоогүй эмч, дасгалжуулагч, фитнесийн багш нартайгаа тэмцмээр байгаа юм. Допингийн хориотой бодисыг эмч, фитнесийн багш, дасгалжуулагч нар л оруулж ирэн санал болгож байгаа. Үүнээс гадна допингийн шинжилгээг нь ч олон улсын болон үндэсний стандарт, журмын дагуу авч, зарлаж, хариуцлага хүлээлгэж чаддаггүй. Ингээд үзвэл бөхчүүд нэг талдаа гарч, тэдний амьдрал, үндэсний бөхийг муухай харагдуулж, допингийг өөгшүүлж буй буй нөхдүүдтэй тэмцэх хэрэгтэй байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж