Нийслэлээс олон улсад гаргах бонд эрсдэлтэй тулав!

Хуучирсан мэдээ: 2024.05.07-нд нийтлэгдсэн

Нийслэлээс олон улсад гаргах бонд эрсдэлтэй тулав!

Нийслэлээс олон улсад гаргах бонд эрсдэлтэй тулав!

Нийслэл гадаад зах зээлээс 700 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байгаа ч үнэгүйдэх эрсдэлтэй тулжээ. Гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг босгох зорилгоор Улаанбаатар хот олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын баталгаатай бонд гаргахаар төлөвлөж, өнгөрсөн өвлөөс ажлын хэсэг байгуулан ажиллах болсон.  Ажлын хэсэгт нийслэлээс гадна Сангийн яам, Монголбанкнаас төлөөлөл орж ажиллаж буй.

Гэвч УИХ-аас саяхан баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж, батлагдсан хуулиуд нь гадаадын хөрөнгө оруулагч нарт сөрөг мессеж өгч эхэлжээ.

Тухайлбал, дээрх хуулийг дагаж өргөн мэдүүлэгдсэн байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно” гэж заасан нь гадаадын том хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолгүй болгожээ. Хэдийгээр дээрх заалт нь уул уурхайн салбарт хамааралтай ч гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг гатаж ирсэн ганц салбар нь 34 хувь гэх хязгаартай тулсан нь бизнес дэх төрийн оролцоо нь хэт ихэссэнийг харуулсан үзүүлэлт болж буй аж. Нэг ёсны хөрөнгө оруулалтын орчин муудсан гэдэг ойлголтыг гадаадын хөрөнгө оруулагч нарт өгч эхэлсэн гэсэн үг.

Ийм үед нийслэл олон улсын зах зээлд бонд босгох нь маш их эрсдэлтэй тулна. Босголоо гэхэд хүү төсөөлснөөс өндөр босох эрсдэлтэй. Энэ нь Монгол Улсад ашиг багатай.

Нийслэлийн хувьд гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай санхүүжилтийн эхний эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгохоор ажиллаж байгаагийн цаад зорилго нь дотоодод бонд босгосноос хүүгийн хувьд хямд, мөн төгрөгийн ханшийг унагахаас сэргийлнэ гэж тооцсонтой холбоотой.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ тухай УИХ-ын чуулганы танхимд мэдэгдэж байв. Олон улсын хөрөнгийн зах зээлд босгохоор төлөвлөсөн 700 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 2,4 их наяд төгрөг болно. Энэ нь нийслэлийн 2024 оны нэг жилийн төсөвтэй дүйж буй.

Уг санхүүжилтийн эх үүсвэрээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан 158 га газар дээр 12,000 айлын орон сууцыг нийслэл барьж, Сэлбэ голын усны урсацын тохируулгын хиймэл нуурын төслийг хамтад нь хийнэ.  Улмаар Таван буудал, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эхийн баруун талын айлуудын 1000 га газрыг орон сууцаар сольж, газрын төлөвлөлт, дэд бүтцийг хийж, барилгын компаниудад худалдана. Хотын төвд ойр нэг га газрыг хамгийн багадаа нэг тэрбум төгрөгөөр худалдана гэж төлөвлөсөн байдаг. Барилгын компаниудад газрыг худалдаж, таван жилийн хугацаанд 2.4 их наяд төгрөгийг олно. Түүнийгээ буцаагаад бондын өрийг төлөхөд зарцуулах төлөвлөгөөтэй.

Гэвч нийслэл Засгийн газраас 700 сая ам.долларын бонд гаргах эрхээ авч чадаагүй байтал гадаадын хөрөнгө оруулагч нарт Баялгийн сангийн тухай хуулийг дагаж батлагдсан дагалдах хуулиуд сөрөг ойлголт өгч, Монголд хийхээр төлөвлөж байсан хөрөнгө оруулалтуудаа цуцлах болсон нь бонд гаргаж чадах уу гэдэг асуултыг тавихад хүргэж буй юм.

Нийслэлийн бондод Засгийн газар баталгаа гаргана гэдгийг дээр дурдсан. Аливаа улсын Засгийн газрын бондыг эргэн төлөгдөнө гэж үздэг учир хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцдог. Тийм ч учраас хүү бага тогтдог жишиг бий.

Гэвч Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо хэт их болсныг илтгэх хуулиуд батлагдсан нь гадаадын хөрөнгө оруулагч нарт Засгийн газрын баталгаатай бонд худалдан авах эсэхэд нь эргэлзээ болгоомжлол төрүүлж буй юм.

Нийслэлийн хувьд тавдугаар сард багтаан олон улсын хөрөнгийн зах зээлээс бонд босгон, түүнээс орж ирсэн санхүүжилтээр гэр хорооллын газрыг чөлөөлж, Сэлбэ дэд төвийг түшиглэн орон сууц барих ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Хэрэв дээрх хугацаанд багтаан бонд босгож чадахгүй бол бүтээн байгуулалтын ажил удааширна. Гол ажлаа нугалж чадаагүй байтал сэрүү унаж, бүтээн байгуулалтын ажлыг явуулах боломжгүй болно. Нөгөө талдаа нийслэлд эхлүүлэх дээрх бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалж МАН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадах эсэх шийдвэрлэгдэнэ гэж хэлж болно.

Улаанбаатар хотод нийт сонгогчийн бараг 50 хувь нь шахам амьдарч буй. УИХ-ын сонгуульд МАН Улаанбаатар хотод ихэнх суудлыг авч чадахгүй бол ирэх аравдугаар сард болох сонгуульд мөн л амжилт олохгүй гэсэн үг.

Ийм учраас нийслэлээс олон улсын хөрөнгийн зах зээлд босгохоор төлөвлөж буй бонд МАН –ын УИХ-ын сонгуульд хэр амжилттай оролцох эсэхийг шийдэх болж буйгаараа онцлог.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж