“Mercer CFA Institute” байгууллага тэтгэврийн тогтолцоогоор дэлхийд тэргүүлдэг улсуудын жагсаалтыг гаргажээ. Бид дэлхийн улс орнуудын тэтгэврийн тогтолцооны талаар энэ удаагийн Дэлхийн эдийн засаг буландаа онцолж байна.
“Mercer CFA Institute” байгууллага энэхүү чансааг гаргахдаа дэлхийн хүн амын 64 хувийг хамарсан 47 тэтгэврийн тогтолцоог харьцуулжээ. Мөн 50 гаруй үзүүлэлтээр жагсаалтыг гаргажээ.
Жагсаалтыг Нидерланд улс 100 онооноос 85 оноо авснаар тэргүүлсэн байна. 80 ба түүнээс дээш оноо авсан орнуудыг А зэрэглэлд тооцох юм. А зэрэглэлд Нидерланд, Исланд, Дани, Израиль улсууд багтжээ.
Нидерланд улс 2020 онд тус индексийг тэргүүлсэн ч 2021, 2022 онд Исландын ард орж байв. Харин энэ жил тус улс дахин тэргүүлжээ.
Индексийг гаргахдаа гурван шалгуур үзүүлэлтийг авч үзсэн. Үүнд, хангалттай байдал, тогтвортой байдал, шударга байдал гэсэн үзүүлэлтүүд багтана. Хангалттай байдал гэдэг нь тэтгэвэр авагчид тухайн улсын хөдөлмөрийн хөлстэй харьцуулахад хэр их мөнгө авч байгааг хэлнэ. Тогтвортой байдал гэдэг нь тус улсын тэтгэврийн систем хүн ам зүйн өөрчлөлт, санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай өндөртэй эсэхийг хэлнэ. Харин шударга байдал гэдэг нь тэтгэврийн системийн зохицуулалт, найдвартай байдлыг илэрхийлэх юм.
Харин АНУ 63 оноо авч, Колумб, Хорват, Франц, Хонгконг, Казахстан, Испани, Арабын нэгдсэн Эмират улсуудын адил С зэрэглэлд багтсан байна. С зэрэглэл нь томоохон эрсдэлтэй эсвэл дутагдалтай тэтгэврийн бүтцийг илэрхийлдэг.
2023 оны чансаанд эхний 10-т багтсан улсуудыг танилцуулж байна.
Дээрх мэдээлэлтэй уялдуулан олсон орлогоо хамгийн үр дүнтэй зарцуулах “30:30:30:10”-ын дүрмийг танилцуулъя. Энэ дүрмийг орлого, тэтгэврийн төлөвлөлт аль алинд нь хэрэглэж болох бөгөөд таны санхүүгийн эрсдэлийг бууруулахад ихээхэн туслах дүрэм юм.
Эдийн засгийн тодорхойгүй байдал, зээлийн хүүгийн өсөлт, инфляцийн өсөлт, амьжиргааны өртөгийн хямрал зэргээс болоод тэтгэврийн төлөвлөлт нь олон орны хувьд эмзэг сэдэв болсон. Тэтгэвэрт гарахаасаа өмнө хангалттай хуримтлал хурааж чадах уу, тэтгэврийн зорилгодоо хэрхэн зовлон багатайгаар хүрэх вэ гэдэг олон хүний асуудал болжээ. Үүнийг дагалдаад санхүүгийн болон тэтгэврийн төлөвлөлтийн янз бүрийн дүрэм журам ч гарч ирсэн.
Хамгийн алдартай дүрмүүдийн нэг болох “30:30:30:10”-ыг задалбал, та орлогынхоо 30 хувийг өдөр тутмын зардалдаа, 30 хувийг хөрөнгө оруулалтад, 30 хувийг тэтгэврийн хуримтлалд, 10 хувийг гэнэтийн зардалд зориулна гэсэн үг.
“Европ тив хөгшрөлттэй тэмцэж байна. Энэ цаг үед тэтгэврийн төлөвлөлтийн шинэлэг стратеги зайлшгүй шаардлагатай. “30:30:30:10” арга нь санхүүгээ үр дүнтэй удирдах, ирээдүйд бэлтгэхэд тусалдаг. Гэсэн ч тэтгэвэрт хэдийнэ гарсан хүмүүсийн хувьд хэтэрхий оройтсон арга. Тэтгэвэрт гарсан бол санхүүгийн тогтвортой байдлаа хангах өөр боломжуудыг судлах эхрэгтэй. Ялангуяа хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Өмч чөлөөлөх ипотекийн зээл нь тэтгэврийн насныхны хувьд боломжийн сонголт болж, Европт дэлгэрч байна. Ийм зээл авснаар орон сууцны өмчлөгдөд шууд хүү төлөх шаардлагагүйгээр тэтгэврийн орлогоо нөхөх боломжтой болох юм” гэж “Senior Capital” байгууллагын мэргэжилтэн Роберт Мулдер хэлжээ.
Өмчийг чөлөөлөх ипотекийн зээл улам бүр түгээмэл болж байгаа нь Европын олон оронд тулгараад байгаа нийгмийн сорилтод тохирох хариу арга хэмжээ мөн. Энэ нь санхүүгийн яаралтай хэрэгцээг шийдвэрлэхээс гадна санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хойч үедээ үлдээх өв залгамжлалыг хадгалах зэрэг урт хугацааны зорилтуудад хүрэх боломж олгодог.
“30:30:30:10” нь харьцангуй уламжлалт стратегид тооцогддог. Энэ нь ашигтай ч гэлээ тэтгэвэртээ гарсан болон гарах дөхсөн хүмүүсийн хувьд урт хугацааны амар амгалан байдлыг хангахын тулд санхүүгийн нэмэлт бүтээгдэхүүнийг анхаарч үзэх хэрэгтэй.
Хадгаламжийн дансууд одоогийн инфляцийн түвшинтэй тэмцэхүйц хангалттай өндөр хүү төлдөггүй. Өөрөөр хэлбэл, инфляцийн түвшин өндөр хэвээр байсаар байвал тэтгэвэрт гарах хүртэл таны хадгаламж мэдэгдэхүйц буурна гэсэн үг юм. Энэ тохиолдолд “30:30:30:10” дүрмийг ашиглах нь инфляцийн эрсдэлийг даван туулахад тусалдаг. Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө гэх мэт төрөл бүрийн байдлаар орлогоо хувааснаар эрсдэлээс зайлсхийх боломжтой. Яаралтай хэрэг гарахад багцынхаа 10 хувийг бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөд хуваарилах боломжтой.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ