УИХ ахмад ажилтнуудаа насаар нь ялгаварлаж жийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

УИХ ахмад ажилтнуудаа насаар нь ялгаварлаж жийж эхэлжээ

УИХ ахмад ажилтнуудаа насаар нь ялгаварлаж жийж эхэлжээ

УИХ-ын Тамгын газар ахмадуудаа насаар нь ялгаварлан ажлаас чөлөөлөх шаардлага тавьж эхэлжээ.  Ингэхдээ эмэгтэй 58 нас хүрсэн, эрэгтэй 63 нас хүрсэн бол 2024 оны тавдугаар сарын 31-нээс өмнө чөлөөлөгдөх ёстой гэх болзол нөхцөл тулгах болсон аж.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуульд “төрийн жинхэнэ албан хаагчийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэж заажээ.

Мөн Төрийн албаны тухай тухай хуулийн 46.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэж заасан байгаа юм.

Тодруулж хэлбэл,  Монгол Улсад өнөөдөр дээрх  хуулийн заалтууд хэрэгжиж байхад УИХ-ын Тамгын газраас эмэгтэй 58 нас, эрэгтэй 63 нас гэсэн Монгол Улсын аль ч хуульд байхгүй насны босго тавин чөлөөлөхөөр улайрч эхэлсэн нь сонгуулийн өмнө эрх баригчид УИХ-ын Тамгын газар луу өөрийн хүмүүсээ “шахах”-аар Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэн хууль зөрчиж байна гэж хэлж болох юм.

Угтаа хуулиараа бол төрийн жинхэнэ албан хаагч нь 60 нас хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөгдөх үү, эсвэл үргэлжлүүлэн ажиллах уу гэдгээ өөрөө шийднэ.  Хэрвээ тухайн төрийн албан хаагч “Тэтгэвэртээ гарна, чөлөөлөгдье” гэж хүсэлт гаргасан бол түүнийг нь хүлээн авна. Харин үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан бол ажлынх нь үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, саналыг нь хүлээн авах ёстой. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийн алба хаах насны дээд хязгаарт ч хүрээгүй ажилтнуудаа ахмад настан гэдэг ангилалд оруулан хоморголон чөлөөлөхөөр улайрч буй нь УИХ-ын Тамгын газар хуулиа зөрчиж байна гэж үзэхээс өөр аргагүй.

УИХ-аар өнгөрсөн Баасан гариг/2024.05.03/-т УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 13 гишүүний санаачилсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэрээ “Ахмадуудынхаа туршлага, мэдлэгийг ашиглах ёстой” гэж хоолойгоо чихруулан хайр зарлацгаасан. Гэтэл УИХ-ын Тамгын газар нь хамгийн туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээ “жийж” өөрсдөөр нь чөлөөлөгдөх хүсэлт гаргуулахаар явж буйг юу гэж ойлгох вэ.

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Ахмад настан өөрөө хүсээгүй бол өндөр насны тэтгэвэрт гарахыг шаардаж болохгүй” гэдэг заалт хүртэл багтсан байна лээ. УИХ-ын гишүүд нь ахмадуудынхаа туршлага мэдлэгийг ашиглая гээд байдаг гэтэл УИХ-ын Тамгын газар нь "ахмадуудаа жийгээд" байж болох юм уу. УИХ-ын Тамгын газар бол УИХ доторх бүтцийнх нь байгууллага. Монгол Улсын хууль, тогтоомж бүрийг мөрдөж, хэрэгжилтэд нь анхаарч манлайлж ажиллах ёстой байтал ажилтнуудаа насаар нь ялгаварлах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.

Нөгөөтэйгүүр, УИХ удахгүй 126 гишүүнтэй болно.  Шинээр бүрдэх парламентын гишүүдийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах хүмүүс бол яах аргагүй УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтнууд л болж таарна.

Өнгөрсөн хугацаанд найман парламент байгуулагдаж ажиллахад УИХ-ын Тамгын газрын ахмадууд л ачааны хүндийг үүрч ажилласаар ирсэн байдаг. Ийм хүмүүсээ өөрсдөө хүсээгүй байхад нь ажлаас хүчээр чөлөөлж явуулбал ямар юмных нь ардчилсан парламент байх вэ дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
БурууБуруу
17
ЗөвЗөв
14
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж