Банкны хуулиа хэрэгжүүлэх болоогүй юу?

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Банкны хуулиа хэрэгжүүлэх болоогүй юу?

Хичээлийн шинэ жилийн нээлт буюу есдүгээр сарын 1-нд арилжааны банкуупыг хувьд бас нэгэн шаардлагын биелэлтийг харах өдөр. Энэ нь өмнө бид мэдээлж байсан 2010 оны нэгдүгээр сарын 28-нд УИХ-аас баталж, долдугаар сарын 1-нээ бүрэн хүчин төгөлдөр хэрэгжих ёстой Банкны тухай шинэ хуульд заасан өөрчлөлтүүд. Өмнө бид хэдэнтээ мэдээлж, нэхэл дагуулж байсан болохоор банкны нөлөө бүхий хувь нийлүүлэгч болоод удирдлагуудын тухай мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой гэсэн “үүрэг” буйг уншигчид маань санаж байгаа байх аа. Уг нь энэ мэт мэдээллийг хуулийн дагуу бол долдугаар сарын 1-нд наад зах нь өөрсдийн вэб сайтдаа мэдээлэх ёстой ч зуны зугаатай өдрүүдэд мартагдаж орхисон. Эцэс сүүлд нь Монголбанкнаас есдүгээр сарын 1-ний дотор мэдээллийг нийтэд ил болгохгүй бол арга хэмжээ авна гэж анхааруулсан. Монголбанкнаас долдугаар сарын 23-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар албан ёсоор мэдээлсэн бөгөөд мэдээллийг ил тод болгоогүй бол банкны эздийг нэг сая төгрөгөөр, тухайн банкийг таван сая төгрөгөөр торгодог байсан бол шинэ хуулиар торгуулийн хэмжээ 10 сая хүртэл төгрөг болон нэмэгдсэн гэдгийг сануулж байсан юм. Харамсалтай нь, өчигдрийн байдлаар банкууд мэдээллээ шинэчлээгүй байв. Өмнө нь банкныхаа удирдлагын талаар сайтдаа мэдээлсэн байсан цөөн хэдэн банкийг эс тооцвол. Ийн мэдээлэл тавьсан банкууд ч мөн хуульд заасан бусад мэдээллүүдийг нэмж шинэчлэх ёстой. Монголбанк ч өмнө нь өөрсдөө амлаж байсны дагуу банкууд мэдээллээ шинэчилсэн эсэх талаар тоймтой хариулт өгсөнгүй. Ямар ч гэсэн хуулиа биелүүлээгүй банкуудад хариуцлага тооцно, хэрхэхийг удахгүй шийдээд хариу өгөх болно гэсэн албан бус хариултыг өглөө.

Олон нийт банкууд удирдлага, хувь нийлүүлэгчдийнхээ талаар ил тод мэдээлэх ёстой гэсэн ойлголтыг маш сайн ойлгож, “тогтоож” авсан. Тэр ч хэрээрээ банкууд хэзээ мэдээллээ ил тод болгох юм бол гэж харж, хүлээж байгаа. Тэгвэл үүнээс гадна шинэчилсэн хуулиар бол нэлээд нарийн мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Үүнд зөвхөн эздийн талаарх асуудал төдийгүй тухайн банкинд эрсдэл үүсч болзошгүй эсэхийг хянаж барагцаалж болохоор санхүү болон бүтэц өөрчлөлтийн асуудлыг ч ил тод байлгах тухай асуудал хөндөгдөж байгаа юм. Тухайлбал, санхүүгийн жилийн тайланг заавал хэвлэлээр мэдээлэх гэх мэт тодорхой заалтууд байгаа. Харин банкуудын хувьд бас шалтаг болгох тайлбар байгаа аж. Учир нь шинэ хуулиар банкны Төлөөлөн удирдах зөвлөлд заавал хараат бус гишүүнийг сонгон томилохоор заасан. Харин хараат бус гишүүнийг хэрхэн томилох талаарх журмыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гаргах ёстой юм. Гэвч энэ зөвлөл долдугаар сараас хойш хараахан хуралдаж “амжаагүй”. Тиймээс хараат бус гишүүн сонгох журам гарч, уг гишүүнээ сонгосны дараа мэдээллээ бүрэн шинэчлэх гэж байгаа гэсэн тайлбарыг зарим нэг банк илгээж байгаа сурагтай. Ийнхүү гээндээ ч гооньдоо ч гэгчээр зуны амралтын дэлгэр улирал хуулийг хэрэгжүүлэхгүй түр “амрааж” болдог гэсэн монгол уламжлалаар намартай золгож байх шив. Гэхдээ ойрын хугацаанд төв банк ч хариугаа өгч, арилжааны банкууд ч энэхүү мэдээллүүдээ ил тод болгох буй за гэж найдацгаая.
Ингээд юутай ч банкууд ямар мэдээллийг ил тод байлгах ёстойг хуульд хэрхэн заасныг харна уу.  

Банкны тухай хуулиас

38.2… дараахь мэдээллийг нийтлэх, өөрийн цахим хуудсандаа байрлуулах зэргээр шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор банк нийтэд мэдээлнэ:

38.2.1 банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан

38.2.2 хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, хувь нийлүүлэгчдийн бүтэц, бүрэлдэхүүн

38.2.3 санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт

38.2.4 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, банкны нэгжийн удирдлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр

38.2.5 банкны өөрчлөн байгуулах хэлбэр, хугацаа, хэрэгжүүлэх арга, шинээр үүсэх хуулийн этгээдийн зохион байгуулаль-эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн баримтын тухай

38.2.6 банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккретив, бусад үйлчилгээ

38.2.7 банкны эрсдлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл

38.3 Монголбанк нь банкнаас нийтэд мэдээлсэн цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.  

А.Алт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж