Олимпийн тэмцээнд тамирчид бэлтгэл ажлаа хангадаг шиг Францын "кибер дайчид" гэгдэх программист, цахим инженерүүд болзошгүй халдлагаас сэргийлэх туршилт эхлүүлэх гэж байна. Цахим гэмт бүлэглэл, халдлага болон Оросын хакеруудаас хамгаалахын тулд Франц олон улсын кибер аюулгүй байдлын бүлгэмүүдтэй хамтран, наадмын туршид дээд зэргийн анхааралтай ажиллах зорилт тавьжээ. "Кибер дайчид" халдагч гэж үзэж буй бүлгэм, улсын дата мэдээлэлд анализ хийх ба сул талыг олохоор ажиллана. Шведэд төвтэй "Outpost24" кибер аюулгүй байдлын компани Парисын бэлтгэл ажил сайн байгааг онцолсон. Гэхдээ наадмын онлайн дэд бүтцэд цоорхой байгааг илрүүлсэн хэвээр байна. Парист долдугаар сарын үед 10,5 мянган тамирчид цуглах бөгөөд Олимп, Паралимпийн үеэр элдэв халдлага, алдаа гаргахгүй байх нь "медаль" авсантай ижил гэж кибер баг үздэг. Туршилтын хугацаа болон тодорхой мэдээллийг тус улсын засгийн газраас нууцалжээ.
Парисын наадмыг зохион байгуулагчдын кибер аюулгүй байдлын төвийн тэргүүн Жереми Кутур “ Олимпийн наадмын үеэр кибер аюулгүй байдлын талаар яриа гарахгүй байх нь хамгийн сайн. Учир нь бид бусдад мэдэгдэлгүйгээр бүхнийг хийж, хамгаалж чадсан гэсэн үг. Цахим аюулыг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авах нь их ноцтой сэдэв ч бусдад анзаарагдахгүй байснаар илүү сайн ажилласан гэдгээ мэдэх болно" гэжээ. "Кибер дайчид" наадмын үеэр байрлах газар, ажлынхаа тодорхой мэдээллийг өндөр нууцлалтай байлгана. Үүнээс гадна, наадмын үеэр олон нийтийн тээврийн сүлжээ,нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах юм байна. Хамгийн их заналхийлж буй хакерын өндөр ур чадвартай орнуудын дунд Орос улс тэргүүлж байна. Учир нь Франц болон Олон улсын олимпийн хороог эвгүй байдалд оруулах, санхүүгийн зардал гаргах зорилготой кибер халдлага үйлдэж болзошгүй гол сэжигтэнд тооцогдож байгаа аж.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ