Хамас, Израилийн талууд Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах асуудлаар Египетийн Каирт хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний сүүлийн үе шат дууссан тул Хамасын төлөөлөгчид Каираас буцаж байгаагаа Ням гаригт мэдэгдэв. Израилийн тавьсан саналын хариуг тэд хэлэлцээний зуучлагч Египетэд хүлээлгэн өгчихөөд буцаж байна гэжээ.
Хамасын удирдагч Исмаил Ханиех өмнө нь бүрэн гал зогсоох шаардлагатайг онцолж байсан. "Хамас бүлэглэл мөргөлдөөнийг зогсоож, Израилийн цэргүүдийн ухралтыг баталгаажуулах, барьцааны хүмүүс солилцоог ажил хэрэг болгох хэлэлцээрт хүрэхийг эрмэлзсээр байна" гэж тэр хэлжээ.
Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Израиль улс барьцааны хүмүүсийг суллахын тулд тэмцлээ түр зогсооход бэлэн байна. Хамас хэт туйлширсан байр суурьтай байна. Израиль үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрөөр Хамас бүлэглэл Израиль, Газын зурвасыг холбосон Керем Шалом гарцын ойролцоох Израилийн цэргүүд рүү пуужин харвасан байна. Израилийн хэвлэлд мэдээлснээр дор хаяж 10 хүн шархаджээ.
Эх сурвалж: NHK