Б.Баатарсайхан: Иргэнд хүндрэл учруулахгүйгээр торгууль ногдуулахыг үүрэг болгосон

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Б.Баатарсайхан: Иргэнд хүндрэл учруулахгүйгээр торгууль ногдуулахыг үүрэг болгосон

Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 70 мянган төгрөгийг олгож эхэлсэнтэй холбоотойгоор бичиг баримтын зөрчилтэй иргэдийн хувьд торгуульд ихээхэн хэмжээний мөнгө төлж, зөрчлөө арилгуулах шаардлагатай болж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед цацагдаад буй. Иймд бид Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Баатарсайханаас дараах асуултад хариулт авсан юм.

-Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн, амьдралын бололцоо тааруу хүмүүсийн хувьд иргэний үнэмлэхээ сунгуулах хугацаа нь олон жилээр хэтэрснээс хуульд зааснаар дээд тал нь 40 мянган төгрөгийн торгууль төлж байж, зөрчлөө арилгуулах болж байна. Аяны хүрээнд торгуулийн хэмжээг буулгаж болдоггүй юм  уу. 70 мянган төгрөг авахын тулд 50 мянган төгрөг төлж, иргэний үнэмлэхээ сунгуулах шаардлагатай болоод байна л даа?

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27.1, 28.1-т заасны дагуу тухайн иргэний үнэмлэх, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших, хадгалах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 40000, албан тушаалтныг 60000 хүртэлх төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулна гэж заасан байдаг. Тухайн иргэний баримт бичгийн зөрчлийн шинж байдлыг харгалзан Улсын бүртгэлийн байгууллагын Хяналтын улсын байцаагч торгууль ногдуулдаг. Хэдийгээр хуульд ийм заалт байгаа ч иргэний бичиг баримтын зөрчлийг арилгаж, үнэн зөв бүртгэлтэй болохын тулд иргэнд заавал 40 мянга хүртэл төгрөгийн торгууль ногдуулахыг урьтал болгохгүй байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Нэг ёсны зөрчлөөс нь хамаарч, иргэнд аль болох хүндрэл учруулахгүйгээр торгууль ногдуулахыг байцаагч нарт үүрэг болгосон байгаа л даа.
 
-Тэгэхээр торгууль хэдэн төгрөгөөс эхэлнэ гэж ойлгох вэ?

-Хуульд зааснаар торгуулийн мөнгөн дүн 1000 төгрөгөөс эхэлдэг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын хэмжээнд ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бичиг баримтын зөрчил арилгах аян зарлаад байгаа. Аяны хүрээнд амралтын өдрүүдэд аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэний бүртгэлийн төвийнхөн ажиллаж байгаа тул энэ хугацаанд иргэдийг бичиг баримтын зөрчлөө  засуулаад аваач ээ гэж хүсэх байна.

-Иргэдийн бичиг баримтын зөрчил арилгах аяны ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ, одоогоор?

-Иргэний баримт бичгийн зөрчил арилгах ажлын явц нийслэлийн хэмжээнд дунджаар 35,6 хувьтай байна. Харин Улсын хэмжээнд эцэслэн гараагүй байна.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж