Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр, Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар “Сэлэнгэ” голын усанд нэг иргэн осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, болон ар гэрийнхэнтэй хамтарсан зургаан бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг хийсэн ч үр дүнд хүрээгүй байна.
Тодруулбал тавдугаар сарын 05-ны өдрийн 07:00 цагаас Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн "Баян хошуу" гэдэг газар хүртэл 116 км завиар урсаж, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж 6км зайд агаараас тандалт хийн, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл 8 км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.05.06/ өдрийн 07:00 цагт дахин эхлүүлжээ.
Холбоотой мэдээ