Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх найм дахь шаардлагын дагуу аймгийн арслан Б.Өсөхбаярыг 2024 оны тавдугаар сарын 03-ны өдрийн барилдаанд шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэн барилдуулсан. Баасан гарагт буюу 2024 оны тавдугаар сарын 03-ны өдрийн барилдаанд барилдахаар ирсэн бөхчүүд Спортын арбитр ТББ-ын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, тус төрийн бус байгууллагыг спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэж ажиллах, үүний тулд 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан шийдвэрээ дахин нягтлах шаардлагыг хүргүүлэхээр гарын үсэг зурж барилдааны нээлтийг 36 минутаар хоцроосон үйл явдал болсон.

Үүний дагуу МҮБХ-ны Тэргүүлэгчид 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр хуралдаж бөхчүүдийн шаардлагыг Спортын арбитр төрийн бус байгууллагад хүргүүлэх, тус ТББ-д харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт холбогдох зөрчлийг дахин хэлэлцэх саналыг хүргүүлэн ажиллах шийдвэр гаргалаа. Мөн Спортын арбитр ТББ-ыг дээрх хоёр бөхийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах хүртэл бөхийн барилдаанд бүртгэхийг түр түдгэлзүүлж ажиллахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгасан байна.
МҮБХ-ны үйл ажиллагаанд олон жилийн хаагдмал үйл ажиллагаатай явж ирсэн Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага болон Спортын арбитр ТББ-ын зарим шийдвэрүүд сөргөөр нөлөөлж байгаа тул дээрх хоёр ТББ-ын удирдлагуудыг 2024 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох нээлттэй уулзалтад оролцуулах саналыг хүргүүлж байна. Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид болон багш дасгалжуулагчид, бөхчүүдийн төлөөллүүд оролцоно.



