“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагч, 100 сая төгрөгийн эзэд бол “Эгшиглэнт чимээ” хамтлаг. Авьяаслаг багшийн адтай шавь нар мод, чулуу, төмөр, шил, барилгын материалаар "хөгжимдөн" Монголын үзэгчдийг байлдан дагуулж байснаас хойш есөн жил өнгөрчээ. Хамтлагийн багш, Монгол Улсын Гавьяат багш С.Жамъянхорол гуайтай урлагийн өдөрлөг дээр таарч, цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Хүүхэд багачуудад зориулсан урлагийн өдөрлөг дээр шавь нартайгаа хөгжмөө тоглолоо. Та хотод суурин байна уу?
-Би гавьяаныхаа амралтыг авснаас хойш хотод ажиллаж, амьдарч байна. Одоо нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 78 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа. Удахгүй хичээлийн жилийн хаалт болох гээд завгүй л байна. Монголд суугаа элчин сайдын яамдуудтай хамтран зохион байгуулж буй урлагийн арга хэмжээнд 18 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Өөрийнхөө хэмжээнд чадан ядан бүтээсэн хөгжмөөрөө хүүхдүүдтэйгээ сая тоглочихоод л сууж байна. Манай багш нар маргааш тоглоно.
-"Авьяаслаг монголчууд" шоуны анхны ялагч тодорсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ?
-Өө тэгэлгүй яахав. Тэр чинь 2015 онд шүү дээ. Бараг 10 жил болох гэж байна. Манай "Эгшиглэнт чимээ" хамтлагийн үйл ажиллагаа тасраагүй ээ. Хамтлагийн маань зарим хүүхдүүд оюутан болж, Монгол Улсын консерватори болон Соёл урлагийн сургуульд хөгжмийн багш, мэргэжлийн хөгжимчнөөр суралцсан. Хамгийн бага нь дөрвөн настай байсан бол одоо хотод ахлах ангид суралцаж байна.
Хүүхдүүд маань надтай холбоотой байдаг. Өнгөрсөн намар нэг том арга хэмжээнд шавь нартайгаа хамтран хөгжмөө тоглосон.
Миний хувьд энэ хугацаанд “Эрин инвест” бүрэн дунд сургууль, “Шинэ монгол харумафүжи” сургуульд хэсэг багшилж, хөгжмийн зэмсгийг маань 30, 40 ширхгээр "Монгол тэмүүлэл“ болон 93 дугаар сургуулиас худалдан авч, сургалтдаа ашиглаж байна.
-Нас насны олон хүүхдүүдийг нэгтгэж, нэг хамтлаг болоход багшийн ур чадвар их чухал. Хамтлаг тарсан шалтгаан нь юу байв?
-Хавар болоход хамтлагийн ахлах ангийн хүүхдүүд нь сургуулиа төгсөөд, явна. Хоёр жил эх орондоо төдийгүй Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг дэлхийн олон улсад хамтлагаараа тоглосон. Тэр хугацаанд зарим нь сургуулиа төгсч, зарим нь сургуулиасаа шилжсэн.
Шоуны дараа улсаар нэг юм болж, надад шавь орох хүсэлтэй хүүхдүүд ч нэмэгдсэн. Би олон хүүхдүүдтэй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Гэсэн хэдий ч хүүхдүүдтэйгээ одоо ч холбоотой байдаг.
-Таныг 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урласан гэж дуулсан. Сүүлд шинээр хөгжим хийв үү?
-Өөрөө хийсэн хөгжим тоогоо алдсан. Шинэ шинэ янз бүрийн материал гарч ирнэ. Бидний үед хэрэглэж байгаагүй, дуу хоолой сайтай, нимгэн, цуурай өндөртэй, хөг нь амархан гарахгүй барилгын материал байна. Тэр болгоныг хөгжим болгож, нэмнэ. Зарим хуучны материал олдохоо больсон. Жишээлбэл, гулуузан шил олдохгүй, амархан хагарна. Одоо бүр олдохоо ч байж.
-Сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багшийн хүрэлцээ хэр байна. Дуу хөгжмийн хичээлийн цаг нь бага байна гэдгийг багш нар хэлдэг шүү дээ?
-Ер нь дуу хөгжмийн багшийн хүртээмж маш муу. Газар газар дуу хөгжмийн мэргэжлийн багшийн дутагдалтай. Улсын цэцэрлэгт над шиг 65-аас дээш настай хүн ажиллах боломжгүй. Хувиараа сургалтын төв ажиллуулах бүрэн боломжтой. Миний хувьд гараар хийж байгаа энгийн хөгжмийн зэмсгийг сургууль, цэцэрлэгийн хөгжмийн сургалтын хөтөлбөрт оруулах хүсэлтийг албаны хүмүүст нь хүргүүлсэн.
Энгийн жишээ хэлэхэд, хүүхдүүдийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой Хятад улсаас 6-8 сая төгрөгийн болсон болоогүй хөгжим авах юм.
Би өөрийнхөө хөгжмийг дээш нь татаж байгаа юм биш. Тэр үнэтэй хөгжмөөс нь цуурай сайтай, монгол аялгуутай, хүүхдүүд хамтарч тоглож, хөгжиж байдгаараа давуу талтай. Над дээр хүүхэд суралцъя гээд ирэхэд "Чи сонсголгүй, муу байна", "Чи мэдрэмжтэй сайн юм байна" гэж ялгадаггүй. Багш хүн сайн хөдөлмөрлөж, хүүхдээ таньж ажиллаж чадвал хөгжиж, сонсголтой болж эхэлдэг. Олон хүүхдүүд бие биеэ харна, дагаж хийнэ. Сонссон аялгуугаа гараараа хөгжимдөнө. Хүүхдүүдтэйгээ хамтарч, нэг нэгнээ дууриаж, хөгжим тоглуулах дуртай. Том, бага гэлтгүй найман удаа цохино. Хүүхдүүд нот хэрэглэхгүй, сонсгол, хараа, мэдрэмжээрээ нэгдэж, тоглоно шүү дээ.
-Тэр жилдээ таныг Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнасан байх аа?
-Тийм ээ. 2015 онд "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхаа сүүлчийн тоглолтоо хийж, миний 30, 40 жил хүүхдүүдтэй ажилласан хөдөлмөрийг минь үнэлж төр засгаас Монгол Улсын гавьяат багш цолоор шагнасан. Хүүхдүүддээ, шавь нартаа баярлаж явдаг. Муу хөгжим гэж байхгүй, муу хөгжимчин гэж байдаг.
Энгийн нэг материалыг хөгжимдөж, гайхалтай сайхан тоглох авьяас чадвар хүнд байдаг. Бидний эргэн тойронд хөгжмийн эгшиг, ая аялгуу бий. Хүний зүтгэл сэтгэл байхад бүх зүйлийг сурч, хөгжинө гэдгийг л хэлье.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Холбоотой мэдээ