Хаяг дээрээ царцаа байгаа эсэхэд сонгогч бүр хяналт тавих үүрэгтэй!

Хуучирсан мэдээ: 2024.05.06-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - сонгууль-2024

Хаяг дээрээ царцаа байгаа эсэхэд сонгогч бүр хяналт тавих үүрэгтэй!

Хаяг дээрээ царцаа байгаа эсэхэд сонгогч бүр хяналт тавих үүрэгтэй!

УИХ-ын сонгууль бүрийн өмнө иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоож, бидний нэрлэж заншсанаар царцаа нүүлгэх ажиллагаа зогсоно. Улстөрчид нэр дэвших тойрог руугаа хамаарал бүхий хүмүүсээ нүүлгэн шилжүүлдэг улс төрийн бохир технологи ашиглах нь элбэг. Үүний нотолгоо нь сонгууль болгоны дараа  царцааны нүүдэл ашиглаж ялалт байгуулсан гэх гомдол, зарга ч хэвлэлээр тасардаггүй.

Энгийнээр тайлбарлавал, мөнгөтэй, томоохон компани удирдаж байгаа хүмүүс нь өөрсдийн компанийн ажилчид, гэр бүлээ тухайн тойрогтоо шилжүүлэх, өөртөө санал өгүүлэх ажиллагааг “царцаа” гэж нэрлэдэг.

Сонгууль болохоор айл, өрхөд танихгүй танилууд нь нэмэгдэж,  санал өгдөг ажиллагааг гардаж хийдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар гэдэг. Хуулиараа сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, царцаа ажиллагаа бий болгохгүй гэдэг ч санал авах өдөр олноор нь нэг тойрогт, нэг хүний төлөө санал өгдөг гэх шүүмжлэлийг ч намууд өөрсдөө мэдэгдэж, мэдээлэл хийж байсан баримтууд олон бий.

Мэдээж улс төрийн сонгууль бүрийн өмнө царцаа нүүлгэх ажиллагааг хамгийн сайн хийдэг нь нэр дэвшигчид гэх яриа албан бусаар бидний дунд бий.

Албан ёсоор баталгаажуулж, баримтжуулах боломжгүй ч сонгуулийн зарим тойрогт томоохон бизнесменүүд компанийн ажилчдаа өөрийн тойрогтоо сонгуулиас өмнө шилжүүлэхийг царцаа гэж нэрлэдэг. Царцаа нүүлгэх удаан хугацаанд яригдаж, ийм үйлдлийг ч улстөрчид хийж ирсэн.

Ардчилсан намаас иргэний шилжилт хөдөлгөөн зогссонтой холбоотойгоор царцаа ажиллагааг эрх баригчид хийж байгааг шүүмжилж, ажлын хэсэг байгуулж, иргэдээс мэдээлэл авч буй. Ардчилсан намын мэдээлснээр 2024 оны байдлаар 70 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн бөгөөд сонгуулийн бус жилүүдтэй харьцуулахад 20 мянган иргэнээр нэмэгдсэн гэжээ. Тиймээс энэ шилжилт хөдөлгөөнийг царцаа гэж  АН үзэж байгаа бөгөөд өөрийн хаяг дээрх бүртгэлээ баталгаажуулж, нягтлахыг иргэдэд анхааруулав.

4 САРЫН ХУГАЦААНД 70 МЯНГАН ИРГЭН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖЭЭ

УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-ны товлогдсон бөгөөд хуульд зааснаар 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоодог. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 29-ний өдөр улс даяар шилжилт хөдөлгөөн зогсоосон юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр Сүүлийн таван жилийн бүртгэлийн мэдээллээс үзэхэд 2019 онд 145,088 бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278,180 бүртгэл бичигджээ. Харин 2024 онд шилжилт хөдөлгөөн зогсоох хүртэл 70071 иргэн шилжсэн байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас өгсөн 70 мянга гэдэг тоо нь Улсын бүртгэлийн ерөнхий газартай тэнцэж байна гэсэн үг.

Мэдээж сонгууль хэзээ болох нь тодорхой учраас мэргэшсэн хүмүүс шилжилт хөдөлгөөнийг эртнээс хийдэг. Ялангуяа шилжилт хөдөлгөөн зогсохоос өмнө гэхээс илүү арай өмнө буюу бэлтгэлээ эрт хангах нь бий.

Улсын бүртгэлээс гаргасан мэдээллээр, 2024 оны нэгдүгээр сараас нийслэлийн дүүрэг хооронд 7796 хүн шилжсэн бол, нийслэлээс орон нутагт 6573, орон нутгаас нийслэлд 10,982, орон нутгаас орон нутагт 17399 хүн шилжилт хөдөлгөөн хийжээ.  Харин шилжилт хөдөлгөөн хаагдахаас өмнө нийслэлээс нийслэлд 1247, нийслэлээс орон нутагт 872, орон нутгаас нийслэлд 1431, орон нутгаас орон нутагт 2962 хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 70 гаруй мянган хүн дүүрэг хооронд, нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл, орон нутгаас орон нутаг руу шилжих хөдөлгөөн хийжээ.

ӨӨРИЙН ХАЯГ ДЭЭР ЦАРЦАА БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖ, ГОМДОЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацааг тогтоож, 2024 оны сонгуульд санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалтыг олон нийтэд, ил байршуулдаг. Ингэснээр сонгогчийн хаяг дээр давхардсан танихгүй хүн байх эсэх, өмнөх хаягийн шинэчлэл хийгдээгүй, өмнөх эзэд нь хаягаа шинэчлээгүй гээд олон асуудал үүсдэг. Сонгууль бүрээр нь өөрийнх нь хаяг дээр танихгүй хүн байна, манай ам бүлээс хэтэрсэн олон хүн манай хаяг дээр байна гэх мэтчилэн яриа гардаг учраас ийн сонгогчдыг хаяг дээрх бүртгэлээ шалгах үүднээс сонгогчийн нэрийн жагсаалтыг ил байршуулдаг.

УИХ-ын сонгуулийн тухай хууль:

  • 20.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.
  • 23.1.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана.
  • 23.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

24 дүгээр зүйл.Сонгогч шилжих:

  • 24.1.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

24.2.Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

Хуулийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс https://election.burtgel.gov.mn/  цахим хуудаст байршуулжээ. Тиймээс иргэд энэ хаягаар орж, өөрийн хаягаа баталгаажуулах, эсвэл хаягт байрлах хүний тоо, мэдээлэл зөрүүтэй бол гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байдаг.

Улсын бүртгэлийн газраас сарын өмнө сонгогчийн нэрийн жагсаалтыг ил болгосон ч 17 мянга орчим иргэн хаягийн мэдээллээ шалгаагүй, нягтлаагүй байна гэжээ. Тиймээс сонгогч бүр өөрийн хаягийн мэдээллээ шалгаж, тухайн хаяг дээр өөр хүн байгаа эсэх буюу царцаа байгаа эсэхийг нягтлах боломжтой. Хэрэв танай хаяг дээр царцаа байна гэж үзвэл холбогдох албаныханд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж