"Монголд яллахыг хүссэн хүнээ "өгөөш" болгож хаядаг муу жишиг тогтсон"

"Монголд яллахыг хүссэн хүнээ "өгөөш" болгож хаядаг муу жишиг тогтсон"

"Монголд яллахыг хүссэн хүнээ "өгөөш" болгож хаядаг муу жишиг тогтсон"

Хуульч Б.Мэргэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МАН хувь хүний биш хуулийн засаглал тогтооно гэж амлаж байсан. Гэтэл хуулийн засаглал тогтох нь байтугай МАН хуулийн дээр гарчихсан мэт аяглах боллоо. Та үүнтэй санал нийлэх үү. Ер нь хуулийн засаглал тогтоож чадсан уу?

-УИХ-ын сонгууль бүрийн өмнө “Манай  нам ялсан тохиолдолд хууль эрх зүйн хувьд ийм ийм өөрчлөлт шинэчлэл хийнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж, ялалт байгуулсан нам нь Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө зарим өөрчлөлтүүдийг тусгаж шаардлагатай хуулийн төслүүдийг санаачлаад, батлуулаад явдаг. Зарим нэг асуудлыг шийдвэрлээд явдаг бол дутуу орхигдсон зүйлүүд ч олон бий. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр батлагдан гарсан хуулийн тоо хэмжээ олон байгаа нь асуудлыг шийдсэн сайн үзүүлэлт гэж харахаас илүүтэй, хамгийн чухал гэсэн зорилтот, суурь асуудлаа шийдвэрлэж чадсан эсэхийг л харах нь зүйтэй.

Хамгийн наад зах нь сүүлийн 20-30 жил иргэдийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж барагдуулах вэ гэдгийг шийдвэрлэсэн зүйл алга. Үе үеийн УИХ, Засгийн газар энэ талаар судалгаа хийж, гаднаас хүмүүс авч ирж зөвлөгөө авдаг.

Гэвч шүүхэд сэтгэл санааны ийм хохирол учирсан гээд гомдол гаргахад 5-10 хувиар нь хангаж шийдэж байна. Тухайлбал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар 48 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Энэ асуудал бусад практикт тогтсон байдлаар шийдэгдвэл тэд хэдэн төгрөг нэхэмжилснээс үл хамаараад хоригдсон хугацааг нь цалингийн доод хэмжээгээр үржүүлэн тооцоход 39 сая гаруй төгрөг оногдохоор байна. Өмнө нь хэрэгжиж байсан хууль эрх зүйн орчныг багахан хэмжээгээр дээрдүүлсэн хууль 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, Сэтгэл санаанд учирсан хохирлыг хэрхэн тооцох талаар Улсын дээд шүүхийн тайлбар гарсан. Гэтэл энэ нь таван төрлийн хэргээр хязгаарлагдаж байна. Угтаа асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэсэн зүйл алга.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдэн хуульд өөрчлөлт оруулах биш, системийн хувьд хэдэн арван хуульд өөрчлөлт оруулах ёстой. Иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах томоохон өөрчлөлтийг хийхээс илүүтэй иргэдэд яаж хариуцлага тооцох, хорьж цагдах талаар илүү анхаараад ч байж магадгүй.

-Монголд хохирогч нэмж хохироод, гэмт хэрэгтнүүд эсрэгээрээ илүү давуу эрх эдэлдэг юм биш үү?

-Үнэндээ, тухайн иргэдийн нийгмийн асуудлыг яаж шийдэх, хохирлыг нь хэрхэн барагдуулах талаар шийдэл алга. Тухайлбал, залилангийн гэмт хэргийг аваад үзвэл залилан хийсэн этгээд ял авдаг. Гэтэл уг хэргийн улмаас хохирсон иргэдийн 90 гаруй хувь нь нэг ч төгрөг олж авч чадахгүй хохироод үлддэг. Тэгвэл хохирлын сан байгуулах ёстой юм уу, ял эдэлж байгаа иргэдийг учруулсан хохиролоо барагдуулах ажил хийлгэж, цалингаар нь сан байгуулж хохирсон иргэдэд нь олгодог байх ёстой юм уу бодит шийдэл хэрэгтэй байна. Эсвэл өнөөдрийнх шиг хоригдлуудаар ажил хийлгэсэн нэртэй тэндээс гаргаж байгаа бүтээгдэхүүн нь зах зээл дээр ямар ч үнэ цэнгүй, хэн ч худалдаж авдаггүй байхад 50-100 сая төгрөгийн залилан хийсэн этгээд насаараа ажлаад ч 5-10 мянган төгрөгийн цалингаараа хохирлоо хэрхэн барагдуулах вэ. Иргэд хохироод үлдэх ёстой юу. Тогтолцооны том асуудлуудаа шийдэж чадахгүй, жижиг сажиг асуудлын бөөсийг түүх байдлаар хууль тогтоомж гаргаж байгаа харагдаж байна.

"ХҮССЭН ХҮНЭЭ ШОРОНД ЯВУУЛЖ, ХҮСЭЭГҮЙ ХҮНЭЭ ШОРОНГООС НЬ СУЛЛАДАГ БОЛСОН"

-Хууль шүүхийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл улам алдарч байна. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан оролцсон, их хэмжээний үнийн дүнтэй авлига, хулгайн асуудал шийдэгддэггүй, шийдэгдсэн ч бага хэмжээний шийтгэл оногдуулж байгаа нь иргэдийн дунд “мөнгөтэй хүний талд хууль, шүүхийн байгууллага үйлчилдэг” юм байна гэсэн ойлголт төрүүлж байна. Та юу гэж бодож байна?

-Шүүхийн маргаан гэдэг онцлогтой. Хэзээ ч хоёр тал хоёулаа шүүхийн шийдвэрт бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаггүй. Аль нэг тал нь заавал гомдолтой үлддэг. Гомдолтой үлдсэн тал нь эргээд хууль, шүүхийн байгууллагаа буруутгадаг. Өмгөөлүүлэх хүсэлт гаргасан иргэд дөнгөж хэргийг нь шалгаж эхэлж байхад “Энэ цагдаа, прокурор миний эсрэг ажиллаад байна. Нөгөө тал танил тал ихтэй, мөнгөтэй хүмүүс байдаг. Тэгэхээр яах вэ” гээд байдаг. Ажилласан туршлагаас харахад нийт шүүгч, прокурорын 90 гаруй нь шударгаар ажилладаг. Олон хүн дотор сайн, муу хүмүүс байгаа.

Авлига авдаг, өгдөг хүн байхад, шударгаар ажиллаж байгаа нь ч бий. Ганцхан манай салбарт ч гэлтгүй бусад салбарт ч асуудал адилхан. Цөөхөн хэдэн хувь нь асуудлыг авлига, албан тушаалын байдлаас хамаарч шийдэж байгааг үгүйсгэхгүй.

Зарим тохиолдолд надад ч тэгж бодогдох үе бий. Хууль шүүхийн байгууллага мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний талд үйлчилж байна гэх яриа ихэвчлэн олны анхаарлыг татсан, их хэмжээний үнийн дүн яригдсан, улс төрд нөлөө бүхий этгээдийн хэргүүд шударгаар шийдэгдэж чадаж байна уу гэдэг асуудал дээр л гардаг. Энэ асуудал нь эргээд нийт шүүгч, прокурор, цагдааг хууль бусаар ажилладаг мэт харагдуулаад байгаа боловч олны анхааралд өртөөгүй, тухайн иргэнд хамааралтай хэргүүд хуулийн дагуу шударгаар шийдэгдээд явдаг. Өөрөөр хэлбэл, олны анхааралд өртсөн том хэргүүд дээр асуудал байх магадлал өндөр. Гэтэл мөнгөтэй хүн бүр авлигач, муу хүн байх ёстой мэтээр баячуудад, бизнес эрхлэгчдэд дургүй бүхэл бүтэн нийгмийг бий болгож байна.

Мөнгөтэй, бизнес нь амжилттай явж байгаа хүн аливаа нэг хэрэгт хамаатуулан шалгагдвал тэр л хүний буруу байх ёстой мэт ойлголт бий болчихсон. Гэтэл тэнд чинь хэлмэгдээд явж байгаа хүмүүс ч бий. Өөрөөр хэлбэл хуулийг завхруулж тэндээс ямар нэгэн байдлаар ашиг хонжоо олж байгаа хүмүүс байхад, хуулийг буруу хэрэглэснээс хохироод явж байгаа хүмүүс ч бий.

-Мөрдөн шалгах, баривчлах, хэргийн нууцтай холбоотой асуудал дээр дабль стандарт тогтчихоод байна л даа. Тухайлбал зарим иргэнийг саатуулах, мөрдөн шалгах хэргийн үйл явц нууц байдаг бол зарим иргэнийг олон нийтэд нээлттэй, бараг л лайв дамжуулж байна. Шүүхээр гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэдэг боловч мөрдөн шалгах үйл явцтай холбоотой, түр саатуулах ажиллагааг олон нийтэд цацаж тухайн хүнийг нийгэмд өгөөш болгож байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

-Хуулийг ялгамжтай байдлаар хэрэгжүүлж байгаа нь эргээд иргэд олон нийт хууль шүүхийн байгууллагад үл итгэхэд хүргэдэг. Шүүхэд итгэх иргэдийн итгэл хэдэн хувьтай байгаа нь тухайн улсын шүүх хэр шударгыг хэмжих хэмжүүр нь болдог.

Шүүхэд итгэх итгэл сайн байгаа үед 67-68 хувьтай байсан. Харин муу үедээ 20 хувь болж буурсан. Сүүлийн үед дабль стандарт буюу ялгамжтай байдлын талаар иргэд ихээхэн шүүмжлэх болсон.

Хамгийн сүүлд гэхэд цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчирхийлсэн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийсэн, Хууль зүйн сайд ч ярьсан. Гэтэл ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ тухайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа алба хаагчид аль албанд, ямар албан тушаал хашдаг, хэн гэдэг талаар хэлэх боломжгүй, зураг дүрсийг нь ил гаргахгүй, прокурорын зөвшөөрөлтэй тодорхой мэдээлэл өгнө. Хувь хүний нууц учраас хувь хүмүүсийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэж мэдэгдсэн. Хууль зүйн сайд ч прокурорын зөвшөөрөлгүй хэргийн талаар хамаагүй мэдээлэл өгч, хэргийн нууц задруулбал Эрүүгийн хуульд заасны дагуу 1-5 жилийн хорих ялтай гэдгийг хэлж байсан. Хууль зүйн сайдын зөв.

Тэгвэл уг хэргийн даргаа "Алтайн хүдэр" компанийн удирдах албан тушаалтныг саатуулах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулсан. Магадгүй ганц, хоёрхон хэвлэл мэдээллийн байгууллага дамжуулсан бол санаандгүй тохиолдол байж болно. Гэтэл тийм олон хэвлэл дамжуулна гэдэг тухайн ажиллагааны талаарх мэдээллийг санаатайгаар цагдаагаас хэвлэл мэдээлэлд дамжуулсан байж таараа.

-Дараа нь ЦЕГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харилцсан мессежийг олон нийтэд цацсан. Цагдаагийнхны энэ үйлдэл хуульд нийцсэн үйлдэл мөн үү. Цагдаа улс төрийн бууны нохой болчихлоо гэж иргэд бухимдаад байна шүү дээ?

-Түүний дараа ЦЕГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харилцсан мессежийг олон нийтэд цацсан. Энэ үеэр тухайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэдийн нэрийг дурдахаас гадна, захидал харилцааг нь ил болгосон. Ийм өөр, өөр хандлага гаргахаар иргэд яаж хууль, шүүхийн байгууллагад итгэх вэ. Үндсэн хуульд зааснаар шүүхээс гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж тооцож болохгүй гэдэг зарчим алдагдаж байна. Ямар ч хүнийг харлуулсан, муулсан, хэрэгт холбогдуулсан, хамаатуулсан талаарх мэдээлэл нийгэмд маш хурдан тархдаг. Эргээд тухайн хүнийг шүүхээс гэм буруугүй байсан талаарх мэдээлэл өгөөд ч нийгэм хүлээж авдаггүй. Үнэн гутлаа үдэж байхад, худал уул давж байдаг гэдэг шиг.Тэгвэл тухайн хүний нэр төрийг эргээд хэрхэн яаж сэргээх талаар асуудал ч яригдана. Нөгөөтэйгүүр, тухайн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн бодитоор явуулахад саад учруулж магадгүй учраас хэргийн материалыг нууцладаг. Гэтэл бид ийм байдлаар шалгаж байна, бидэнд ийм ийм баримт байна гээд цагдаагийн байгууллагаас хамаг нууцаа задлаад байвал нөгөө тал нь түүний эсрэг арга хэмжээ авч эхэлнэ. Тийм учраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг тал талаас нь нууцлах ёстой.

-Цагдаа нар хэргийг талаар олон нийтэд дэлгээд, худал үнэн "эвлүүлэг", хувь хүний захидал харилцааг дэлгэх нь цаашдаа ямар муу үр дагавартай вэ?

-Монголд яллахыг хүссэн хүнээ нийгэмд өгөөш болгож хаяж өгдөг муу жишиг тогтлоо. Тухайн өгөөшийг улс орон даяараа үмхэж, тэр хүнийг нийгмийн хог шаар болгож хараад, мөнгөтэй юм чинь буруутай байх ёстой, авлига авсан байх ёстой, хулгай хийсэн байж таарна гэж хараан зүхдэг болсон.

Ингэж нийгмээр, нийтээр нь хараан зүхүүлснийхээ дараа хэргийг нь шийдүүлэхээр шүүхэд шилжүүлдэг. Шүүгч ч гэсэн хүн. Тиймээс хүссэн, хүсээгүй нийгмийн нөлөөнд автдаг. Нөлөөнд автсан шүүгч хэргийг шударгаар шийдэх магадлал бага. Нөгөө талаас улс орон даяараа буруутгагдсан этгээдийг шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр гаргахаар эргээд “шүүх шударга шийдвэр гаргадаггүй” гээд шүүх рүү дайрах үзэгдэл нэмэгддэг.

Засгийн газрын тэргүүн хүртэл “Авлига хулгайн асуудлыг цагдаа, прокуророос шийдээд явуулахаар шүүх дээр гацаад байна. Авлигачин шүүгч нар асуудлыг шийдэхгүй байна” гээд яриад сууж байна. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл тусдаа, хараат бус байх ёстой байтал хөндлөнгөөс үнэлж, дүгнээд сууж байна.

Өнгөрсөн хугацаанд шүүхийн байгууллагын байр, цалин хангамж, төсөв мөнгө гээд юу өөрчлөгдөөгүй. Шүүхийг ийм өрөвдөлтэй болгочихоод хүссэн хүнээ шоронд явуулж, хүсээгүй хүнээ шоронгоос нь сулладаг болсон. Сүүлдээ шүүгч болох хүн ч олдохоо больсон. Төрийн албанд ажиллах хүн ч олдохгүй байгаа. Ажиллаж байгаа хэдээс нь ажлаа өгөөд зугатаж байгаа нь гашуун боловч үнэн.

"УЛСТӨРЧИД ХЭРГИЙН НУУЦ ЗАДАЛЖ БОЛДОГ, ӨМГӨӨЛӨГЧИД ЗАДАЛБАЛ ХОРИХ ЯЛТАЙ, ИЙМ Л ЯЛГАМЖТАЙ БАЙНА"

-Хэргийн нууц зардуулсан хүн 1-5 жилийн хорих ялтай болсон. Гэтэл энэ зүйл заалт бас л ялгамжтай үйлчилж байна шүү дээ?

-Иргэдийн хувьд сэтгэл хөөрлөөр асуудалд хандаж ялын бодлогыг нэмэгдүүлэхийг үргэлж шаарддаг. Тийм учраас өмнөх Ерөнхийлөгчийн үед цаазаар авах ялыг сэргээх талаар асуудал ч хөндөгдөж байсан. Тухайлбал, өмгөөлөгчид хэргийн нууц задруулбал 1-5 жилийн хорих ялтай болсон. Гэхдээ өмгөөлөгчид хэргийн нууц задруулмаар байна гээд байгаа юм биш. Түрүүн хэлсэнчилэн хууль бүгдэд ижил тэгш үйлчилдэг бол хамаа алга.

Гэтэл эрх мэдэлтнүүд  хүссэн мэдээллээ гаргаад цацчихдаг түүндээ эргээд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Тухайн цацсан мэдээлэл нь нийгэмд буруу ойлголт өгөөд байгаа учраас өмгөөлөгчид тухайн буруу ойлголтоос үйлчлүүлэгчээ хамгаалахын тулд эргүүлээд зөв ойлголт өгөхийг хүссэн ч хорих зүйл заалттай учраас бодоггүй.

Угтаа Өмгөөллийн тухай хуульд үйлчлүүлэгчийнхээ талаар нийтэд цацсан худал мэдээллийг засахын тулд мэдээлэл өгч болно гэж заасан боловч Өмгөөллийн тухай хуулийг авч хэлэлцдэггүй.

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурахаас гадна, тэнд ажиллаж байгаа хүний нөөц дутагдалтай, ур чадвар дутмаг байх нь ямар эрсдэл дагуулах вэ?

-Шүүх, банкны салбар иргэдийн итгэл дээр суурилж оршин тогтнож байдаг. Иргэд банкинд итгэж мөнгөө хадгалуулахгүй бол тухайн банк дампуурна. Шүүх миний эрхийг хамгаална, шударга шийдвэр гаргана гэж итгэдэг учраас иргэд шүүхэд хандаж, тэндээс гарч байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв шүүхэд итгэх итгэл байхгүй болвол иргэд хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлүүлэхгүйгээр өөр арга замаар шийдвэрлэхийг хүсдэг. Тийм үйлдэл гаргаад эхэлбэл хууль шүүхийн хяналт үгүй болж, нийгмийн харилцаа замбараагүй нөхцөл байдалд шилжинэ. Хүний нөөцийн тухайд ганцхан шүүхийн салбар боловсон хүчний дутагдалд орчихоод байгаа юм биш.

Цагдаа, прокурорын байгууллага ч хүний нөөцийн дутагдалтай байгаа. Надад байгаа албан бус мэдээллээр цагдаагийн байгууллагад 2500 орчим албан хаагч дутагдалтай байна.

Олон жил ажиллаад тэтгэвэртээ гарах дөхсөн хүмүүс жилээ гүйцээгээд тэтгэвэртээ гарахын тулд гүрийж байна. Зарим алба хаагчид нь гадагшаа гарч ажил хийхээр байгууллагаасаа тодорхойлолт авах гэхээр гаргаж өгөхгүй байгаа тохиолдол байна. Алба хаагчид ажлаасаа гарахад түүний оронд өөр хэн нэгэн ямар нэгэн байдлаар нөхөгдөнө. Гэхдээ сонгон шалгаруулж мэдлэг, чадвартай хүнийг авах биш хүссэн хүнийг нь авч байна. Тухайн хүн мэргэжлийн ур чадвар дутуу бол эргээд иргэдийнхээ эрх чөлөө, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг бодох ёстой. Шүүхийн байгууллагын хувьд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед цалинг нь нэмсэн. Тухайн үед төрийн албан хаагчид сая төгрөгийн цалин авч байсан бол шүүгчийн цалинг 2.5 сая болгож нэмэгдүүлсэн. Тэрнээс хойш огт нэмээгүй. Одоо хамгийн олон жил ажилласан дээд шүүхийн шүүгч 2.5-3.7 сая төгрөгийн цалин тооцуулж татвар, шимтгэлээ хасуулаад хоёр сая, түүнээс чүд дээгүүр цалин гар дээрээ авч байна. Гэтэл авч байгаа цалинтай нь ачааллыг нь харьцуулвал ачаалал нь хэт өндөр.

Нэг шүүгч сард 40-50 хэрэг дээр ажиллах нь хэвийн гэж үздэг бол 200-300 хэрэг дээр ажилладаг. Шүүгчдийн цалин хангамж нь өсөөгүй, орчин нөхцөл нь сайжраагүй, ачаалал их хэрнээ байнга хардлага, сэрдлэгэнд өртөг л хүмүүс болсон.

Ийм газар хэн ажиллахыг хүсэх вэ дээ. Уг нь бол шүүгч гэдэг хуульчдын оргил гэж үздэг. Хамгийн сайн, хамгийн шилдгүүд нь л шүүгч болох ёстой.

үүгчийн сонгон шалгаруулалт зарлахад бүртгүүлдэг хүн ховор, бүртгүүлээд шалгалт өгөхөд нийт 70 онооны гүйцэтгэлийг 50 хувиас дээш гүйцэтгэсэн тохиолдолд эхний шалгаруулалтад тэнцэх ёстой бол 40-50 хүн уг сорилд оролцоод 50.1 хувиар ганцхан хүн тэнцсэн тохиолдол ч байна.

-Шүүхийн боловсон хүчний мэдлэг, чадвар муудахаар эргээд иргэдийн хэргийг шударгаар шийдэж чадах эсэх асуудал нь хэн нэгний нөлөөнд автахаас гадна, мэдлэг ур чадвар дутмагаас үүдэн шударгаар шийдэхгүй байх боломжтой.

"ХЭРГИЙН ТОДОРХОЙ ХЭСЭГТЭЙ ТАНИЛЦСАН ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЭХЭД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙГАА ЗҮЙЛ ОЛОН БАЙНА"

Таныг хариулж болох эсэхийг мэдэхгүй байна. Та С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэдийг эрүүдэн шүүсэн эсэх асуудалд өмгөөлөгчөөр ажилласан. Та уг хэргийн талаар тодорхой мэдээлэлтэй хүний хувьд сүүлийн үед өрнөж байгаа үйл явцыг хэрхэн дүгнэж байна?

-Миний хувьд С.Зориг агсаны амь насыг хохироосон хэрэг дээр огт ажиллаж байгаагүй. Харин уг хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг дээр ажилласан. Энэ хоёр хэрэг тусдаа боловч зарим байдлаараа холбогддог учраас хэргийн зарим материалтай танилцсан асуудал бий.

Тухайн хэрэг Засгийн газрын тогтоолуудаар нууцаас гарсан, Аюулгүйн байдлын зөвлөлөөр хэлэлцэж Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хэсгүүд нь нууцаас гарсан. Гэхдээ хэн ч үзэж харж болдоггүй.

Агуулгаараа тухайн хэсгүүдийг нууцаас гаргаад маш нууц гэсэн дардсыг нь аваад хаячихаж байгаа боловч маш нууц, нууц, онц чухал нууц байхаас үл хамаараад шийдэгдэж дуусаагүй учраас хэргийн нууц гэдгээрээ нууц хэвээр л байгаа. Олон нийт шаардахаар Засгийн газраас тогтоол гаргаад ил болгочихлоо гэж шоудаад байгаа боловч цаад агуулгаараа нууц хэвээр байгаа учраас ярьж болдоггүй. Нөгөө талаараа УИХ-ын зарим гишүүд хэргийг нууц байх үед нь ярьчихаад хуулийн хариуцлага хүлээх болохоороо ярьснаасаа долоо хоногийн дараа тухайн хэсгийг нууцаас гаргаж ил болгосон ч асуудал байдаг.

Сүүлийн үед гарч байгаа мэдээллийг хараад хэргийн тодорхой хэсэгтэй танилцсан хүний хувьд хэлэхэд худал мэдээлэл өгч байгаа зүйл олон байна. Тэр бүхний талаар худлаа шүү гээд ярих гэхээр хорих ялтай. Сүүлийн үед өмгөөлөгчдийг хэрэгт холбогдуулан шалгадаг тоо нь ч өссөн.

Магадгүй 2000-3000 мянган хүн дотор санаатай, санамсаргүй алдаа гаргах хүн байж болно. Алдаанаасаа болоод хуулийн хариуцлага хүлээж ял авсан хүмүүс ч бий. Шүүгчид асуудалтай, өмгөөлөгчид шударга гэж хэлэхгүй. Сайн муутай ч ялгаагүй дийлэнх нь шударгаар ажиллаж байгаа. Өмгөөлөгчдийг шалгах тохиолдол байдаг ч өнөөдрийнх шиг олноор нь шалгаж байсан удаа байхгүй. Өмгөөлөгчдийн холбоонд “Энэ хүн өмгөөлөх эрхтэй хүн мөн үү” гэх лавлагаа цагдаагийн байгууллагаас хаа нэг ирдэг байсан бол одоо өдөрт л 4-5 ирдэг болсон гэдгийг ч хэлж байсан. Заримдаа өмгөөлөгч хийгээд хэрэг байна уу гэсэн бодолтой ч гарч ирэх үе ч байна. Улаан цагаан шүүх хурал эхлэхээс өмнө шийдвэр нь гарчихсан хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцохдоо, зүгээр жүжгийн нэг хэсэг болчихсон мэт мэдрэмж авах тохиолдол ч  байсан.

"НИЙТЭЭРЭЭ, НИЙГМЭЭРЭЭ САЙН САЙХАН, ШУДАРГА НИЙГМИЙГ БҮТЭЭХИЙГ ЗОРЬЖ, АЖИЛЛАСАН ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ИРНЭ"

-Ардчилал, авлигалын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдал уруудаж дабль стандарт  тогтоход нэг нам удаан хугацаанд засагласан нь нөлөөлсөн байж болох уу?

-Нэг нам удаа дараа засгийн эрх барьж болно л доо. Гэхдээ энэ хугацаанд нэг нам хэт олонх биш сөрөг хүчин нь ялалт байгуулсан намынхаа гишүүдийн тоонд ойртож очихуйц байсан бол асуудал өөрөөр яригдана.

Нэг нам хэт олонх болж олон жил засаглахаар шийдвэр гаргах түвшинд хяналт, олон ургалч үзэл алдагдаж, сөрөг үзүүлэлт  гарч болзошгүй. Үүнд хэн нэг хүнийг буруутгахаас илүүтэй тогтолцоо систем нь зөв байгаа эсэх нь чухал.

Хүн гэдэг амьтан угаасаа шуналтай амьтан. Яаж өөртөө ашигтай байлгах вэ, хөрөнгө мөнгөө хэрхэн өсгөх вэ гэж зүтгэнэ. Түүнийг хуулиар хэрхэн яаж хязгаарлаж, ямар систем тогтолцоотой байснаар зөв гольдролдоо орох тухай асуудал яригдана.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг томоохон хуулиудад өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд олон намын төлөөлөлтэй, солонгорсон парламент бүрдүүлэх боломжтой боллоо гэж дүгнэсэн. Энэ хэр бодитой бол?

-УИХ-ын сонгуулийн тойрог том болсон учраас мөнгөгүй, шинэ залуу хүн парламент руу орно гэдэг мянгуужингийн үлгэр болсон. Харин 78 тойргоос 48 нь пропорциональ системээр сонгогдох учраас ганц нэг намын жагсаалтад багтсан хүн орж ирэх магадлалтай. Тухайлбал, баруун дөрвөн аймгаас 10 гишүүн сонгогдоно. Сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилнэ. Өмнө нь ийм хугацаанд нэг аймгийн бүх сумыг бүтэн тойрч амждаггүй байсан. Гэтэл энэ хугацаанд дөрвөн аймгийн 80 орчим сумаар тойрно гэж байхгүй. Мөнгөтэй хүнд ч боломжгүй байхад улсаа хөгжүүлэх сэтгэл байгаад халаас хоосон хүн энэ тоглоомд оролцох нь хүчний хувьд хэтэрхий тэнцвэргүй зүйл. Зардлын хувьд 950 орчим сая төгрөгөөс 1.4 тэрбум байх тооцоо аудитын байгууллагаас гаргасан. Энэ бол албан ёсоор тайлагнах үнийн дүн. Иргэдийн дунд 1.4 тэрбум төгрөг сонгуульд зарцуулж байгаа хүн гишүүн болоод энэ мөнгөө хэд дахин нугалж олох вэ зэрэг хардлагууд байдаг.

Угтаа энэ 1.4 тэрбум төгрөг гэдэг 4 аймаг 80 орчим сумаар явахад хангалттай хэмжээний мөнгө мөн үү гэдгийг бодох л  ёстой. Өмнө нь нэг аймагт зарцуулдаг үнийн дүнгээс ч зардлыг нь бууруулчихсан. Тийм учраас далд хэлбэрт байх мөнгөний зарцуулалт нэмэгдэнэ. Бодит байдал дээр мөнгөгүй хүн 1.4 тэрбум төгрөгтэй хүнтэй өрсөлдөх биш, мөнгөгүй хүн 4-5 тэрбум төгрөгтэй хүнтэй л өрсөлдөх болж байна.

Мөнгөтэй байгаад ч өмнө нь олон нийтэд танигдаж чадаагүй бол магадлал нь багасаад л явж байна. Цаашлаад 10 хүн сонгогдох тойргийн саналын хуудас дээр хамгийн багадаа 100 гаруй хүн бичигдэнэ гэж тооцход түүнээс 10 хүнийг олж дугуйлна гэдэг асар хүнд. Илүү, дутуу бөглөсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно. Саналын хуудас дээр бие даагчид хамгийн хойно бичигдэхээр байна. Өмнөх шиг хольж солихгүй юм билээ. Тэгэхээр иргэд ганц нэг мэддэг хүнээ дугуйлаад үлдсэн хэдийг нь хамгийн эхэнд байгаа хүмүүсээс дугуйлах магадлалтай.

-Сонгууль дөхөж байгаа учраас ярилцлага өгч нэвтрүүлэгт оролцсон бүхнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших нь гэж хардаж байгаа. Миний санаж байгаагаар таны үеийн хэсэг залуус салбартаа манайлж гарч ирээд ихэнх нь улс төр рүү орох шийдвэр гаргасан. Хувь хүний сонголтыг ямар ч үед хүндэтгэнэ. Таны хувьд сонгуульд аль нэг намаас нэр дэвших үү?

-Өнгөрсөн хугацаанд аль нэг нам эвсэлд элсэх, тухайн намаас нэр дэвшиж сонгуульд оролцох саналууд ирж байсан. Надад аль нэг намын харьяалалд багтаж, улс төрд орох сонирхол байгаагүй, цаашид ч байхгүй. Тэр ч бүү хэл оюутан байх үед Оюутны зөвлөлд орох санал тавьж байхад хүлээж авч байгаагүй. Тиймэрхүү албан тушаалаас жаахан хол хүн гэх юм уу даа. Хоёрдугаарт, жаахан амиа бодсон “амиа” зантай гэх юм уу. Яагаад гэхээр улс  төрд эсвэл төрийн албанд ороод эрх мэдэл бүхий албан тушаалд очлоо гэж бодоход цалингаараа өнөөдөр төлж байгаа лизингээ ч төлж чадахгүй байх. Байрныхаа төлбөрийг ч төлж чадахгүй. Тиймээс өөр эх сурвалжаас мөнгө олох хэрэгцээ гарна. Магадгүй албан тушаалаа ашиглаж авлига авах хэрэг гарна. Миний хувьд хэзээ ч хэн нэгэнд авлига өгч, хэн нэгнээс авлига авч чадахгүй гэдгээ маш сайн мэддэг.

Үнэхээр өөрчлье, шинэчилье гэсэн ганц нэг залуус улс төрд, төрийн албанд ороод уусаад алга болдог болохоос ганцаараа мянга зүтгээд өөрчлөлтийг авч ирж чаддаггүй. Нийтээрээ, нийгмээрээ сайн сайхан, шударга нийгмийг бүтээхийг зорьж, ажилласан цагт өөрчлөлт ирнэ.

Төрд зүтгэхээсээ өмнө олон сайхан зүйл ярьж байсан хүмүүсийг харж байхад тийшээ ороод өөрчлөх гэж нэлээд үзнэ. Нэг бол төрд дахин орж чадахааргүй болж хөөгддөг. Үгүй бол тэдэндээ уусдаг хоёр сонголттой тулдаг юм шиг санагддаг.  Тийм учраас нийтээрээ, нийгмээрээ өөрчлөгдөх нь чухал. Эцэст нь заавал улстөрч болж, төрд ажилласнаараа нийгмийн сайн сайхны төлөө, улс орныхоо хөгжилд хувь  нэмэр оруулдаг юм биш. Хүн бүр чаддаг, чаддаг зүйлээ чанарын сайн түвшинд хийх нь нийгэмдээ оруулж байгаа том хувь нэмэр гэж боддог учраас мэргэжлийнхээ ажлыг хийх хүсэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

WendySaucier 2024-05-06 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieManzanares 2024-05-06 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

KimJones 2024-05-06 94.158.190.173

Харуулах боломжгүй.

Avatar

LauraCarter 2024-05-06 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

CarolynGordon 2024-05-06 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

BethGreene 2024-05-06 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

NancyCristian 2024-05-06 109.248.204.99

Харуулах боломжгүй.

Avatar

DamarisRuiz 2024-05-06 45.86.1.132

Харуулах боломжгүй.

Avatar

SierraKiana 2024-05-06 45.86.0.250

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinLawrenson 2024-05-06 46.8.22.223

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaLowe 2024-05-06 45.11.21.208

Харуулах боломжгүй.

Avatar

BeckyKohler 2024-05-06 46.8.16.51

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBurroughs 2024-05-06 45.11.21.248

Харуулах боломжгүй.

Avatar

SarahJones 2024-05-06 188.130.221.180

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-05-06 109.248.13.4

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaBrown 2024-05-06 188.130.189.24

Харуулах боломжгүй.

Avatar

CaseyBrooks 2024-05-06 109.248.128.68

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieJordan 2024-05-06 188.130.129.246

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineJohnson 2024-05-06 188.130.136.201

Харуулах боломжгүй.

Avatar

AnaTorres 2024-05-06 188.130.210.12

Харуулах боломжгүй.

Avatar

LauraMyers 2024-05-06 95.182.127.153

Харуулах боломжгүй.

Avatar

MelaFabulouz 2024-05-06 109.248.12.174

Харуулах боломжгүй.

Avatar

JuanitaIdeker 2024-05-06 109.248.166.158

Харуулах боломжгүй.

Avatar

AishaPatterson 2024-05-06 185.181.246.39

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJensen 2024-05-06 109.248.205.6

Харуулах боломжгүй.

Avatar

TinaTrenfield 2024-05-06 46.8.222.111

Харуулах боломжгүй.

Avatar

JackieHughes 2024-05-06 46.8.212.161

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieLetta 2024-05-06 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

MeganRusso 2024-05-06 188.130.128.239

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiAerin 2024-05-06 45.81.136.94

Харуулах боломжгүй.

Avatar

SaraCochnauer 2024-05-06 213.226.101.115

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyMorgan 2024-05-06 188.130.128.83

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonRussell 2024-05-06 95.182.126.28

Харуулах боломжгүй.

Avatar

OmarFlood 2024-05-06 109.248.204.72

Харуулах боломжгүй.

Avatar

MariaBrown 2024-05-06 188.130.129.13

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPetty 2024-05-06 188.130.219.173

Харуулах боломжгүй.

Avatar

ClaireMueller 2024-05-06 46.8.23.120

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaJones 2024-05-06 185.181.244.235

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaRodriguez 2024-05-06 185.181.244.146

Харуулах боломжгүй.

Avatar

SamanthaAbrahams 2024-05-06 185.181.244.81

Харуулах боломжгүй.

Avatar

TinaTurner 2024-05-06 109.248.143.224

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-06 202.9.40.73

Элбэгдорж болон Цагаан нарын яриаг ил болгож булхайг нь олонд дэлгэсэнд АН-ынхан дургүй байгаа бололтой. Аль ч нам адилхан шударга бус зүйлтэй эвлэрдэггүй байх учиртай. гэтэл эдний байж байгааг хар. Манай намын лидерүүдийн яриаг ил болголоо гээд гомдоллоод байх юм. Мэргэн бол Элбэгдоржийн албат байсан хүн гэдгийг бүгд мэдэж байна. Эзнийхээ өөдөөс юм ярьж чадахгүй. Яг Өнөрбаяр шиг аялдан дагахаас өөр аргагүй бололтой

Avatar

AngieDiaz 2024-05-06 109.248.49.148

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieFlores 2024-05-06 45.87.252.54

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaMorgan 2024-05-06 45.11.20.120

Харуулах боломжгүй.

Avatar

KimAndersen 2024-05-06 31.40.203.70

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieWilson 2024-05-06 46.8.192.220

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-06 202.55.188.119

Элбэгийн мөнгөний троллл өмгөөлөгч л байна

Avatar

AraselyOwens 2024-05-06 109.248.14.127

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-06 66.181.190.177

Чиний эзэн Элбэгдорж / манж хүн /-н санаачилсан, барьсан хонгил болон хонгилийн гар хөлүүд та нарын хийдэг ажил тэр шүү дээ. Олон арван гэмгүй хүмүүс тэдний ар гэр бүлийг 37 оны ногоон малгайтнууд шиг тамлан тарчлааж хэлмэгдүүлсэн хүмүүс бол Хүзүүгүй манж хүн, яргачин Хурц тэргүүтнүүд.

Avatar

MichelleLawrence 2024-05-06 46.8.56.204

Харуулах боломжгүй.

Avatar

ЭГБЭГЭЭ БОЛ МОНГОЫН ХОРТ ХАВДАР 2024-05-06 103.111.68.3

ЭНЭ БҮГД ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ҮЕЭС ЭХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ,ЭЛБЭГЭЭ БОЛ МОНГОЛЫН ГАЙ ХОРТ ХАВДАР ШҮҮ ДЭЭ,ЭНЭ МЭРГЭН МЭДЭХИЙН ДЭЭДДЭР МЭДЭЖ БАЙГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж