“Тэнүүн огоо” компанийн нийслэлд нийлүүлсэн ногоон автобуснаас болж Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар огцорч байв. Гэвч тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “но”-той ногоон автобусны худалдан авалтад УИХ, Засгийн газрын гишүүд хамаатай гэж мэдэгдсэний зэрэгцээ Нийслэлийн Тээврийн газрын даргаар ажиллаж байсан С.Жавхланбаатарыг Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар томилуулж байсан гэж мэдэгдээд буй.
Энэ тухай Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар “Нийслэлийн Тээврийн газрын даргаар Ч.Сайханбаяр ажиллаж байсан ч болохгүй байна гэж элдвээр хэлсээр байгаад солиулсан. Ч.Сайханбаяр ч удаан л даа, гэхдээ мэргэжлийн хүн. Би үнэнээ л хэлье. Өөрийгөө хутгалдаг С.Жавхланбаатарыг Нийслэлийн Тээврийн газрын даргаар Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар л тавиулсан. Ноцтой болоод өөрийгөө хутгалсан болов уу, согтуу байсан юм уу. Нэг цохиод унагачихмаар санагдаад байгаа юм, С.Жавхланбаатарыг. Цагдаа юм чинь зодуур даачих байх.
Ер нь нийтийн тээврийн салбарыг 2000 оны эхэн үеэс мафижах буюу зохион байгуулалтад орсон гэж яригддаг юм билээ. Т.Бадамжунайгийн үеэс буюу микро орж ирсэн үеэс эхэлсэн гэдэг юм хууль хяналтын байгууллагад байдаг.
“Тэнүүн огоо” компани дээр байгаа 440 автобус, “Эрдэм транс” дээр байгаа 300 гаруй автобус дарга нарынх байх магадлалтай. Би дотроо тэгж хардаад байгаа. 440 автобус “Тэнүүн огоо” дээр гэж тоо тавьчихаад гурав дөрвөн дарга 30, 40 автоус явуулдаг байхыг үгүйсгэхгүй. Нэг автобусны бохир ашиг сарынх нь 10 сая гэж бодъё. 400 автобусны бохир ашиг сард хэд болох вэ. Дээр нь нийслэлийн төсвөөс татаас орж ирдэг. Одоо энэхүү татаас 200 орчим тэрбум төгрөг дөхөж байгаа. Тэр татаасаар амьдарч байгаа. “Татаас өгөхгүй” гэхээр шантааж хийж, зохион байгуулалтад орж, автобусны тоог цөөлдөг. Яалт ч үгүй татаасыг нь өгөхөөс аргагүй болдог. “Эрдэм транс”-ын автобус дотор дарга нарын автобус явж байгаа, би нэр зааж чадахгүй байна.
Нийтийн тээвэр энэ болтлоо ужгирна гэдэг бол баталгаатай.
Хил гаалиар автобус оруулаад ирэхэд гаалийн байцаагч нар юу хийж байсан юм. Хуучин шинээ ялгахгүй юу. Төрийн байгууллагууд бүхэлддээ ийм байдалд орчихсон юм байна гэж би харж байгаа. Хил гаалиасаа эхлээд УИХ-ын гишүүд нь байхыг ч үгүйсгэхгүй. Хууль хяналтын байгууллагатай Х.Нямбаатар хамтарч ажиллаад нийтийн тээвэрт бугшсан энэхүү мафижсан сүлжээг үндсээр нь булга татах хэрэгтэй” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ