“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Ипотекийн санхүүжилтийг 1,2 их наядад хүргэж, 20 минутын хот байгуулахаа зарлав
Засгийн газар Лхагва /2024.05.01/ гаригийн хуралдаанаараа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаас 10 мянган иргэнийг байртай болгох санхүүжилтийг шийдвэрлэснээ зарлав. Тодруулбал, Хуримтлалын сан руу 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлснээр банкууд дээр гацаад байгаа ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болж буй юм.
Хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрөх мөнгөний эх үүсвэр “Эрдэнэс Монгол” нэгдлээс хийгдэнэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяанд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хэлбэрээр 200 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэр 273 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум, “Монгол росцветмэт нэгдэл” 8.6 тэрбум, “Цемент шохой үйлдвэр” 3,5 тэрбум, “Эрдэнэс Оюутолгой”-гоос 356 сая төгрөг татан төвлөрүүлнэ.
Судалгаагаар арилжааны банкууд дээр 17 мянга орчим иргэн ипотекийн зээл авах хүсэлт ирүүлээд байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 1,2 их наяд төгрөгт хүрнэ. Тодруулбал, жилд төв банкнаас ипотекийн санхүүжилтэд 500 тэрбум төгрөгийг зарцуулдаг бол арилжааны банкуудын эх үүсвэрээс 200 тэрбумыг зарцуулдаг. Харин Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр нийт дүнгээрээ ипотект 1.2 их наяд төгрөг зарцуулагдах болж буй юм. Ингэснээр арилжааны банкууд дээр хуримтлагдаад буй ипотекийн хүсэлтийг шийдвэрлэх бололцоо бүрдэнэ.
Засгийн газрын тэргүүний тоцоолсноор 10 мянган иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэх бололцоо бүрдээд байна. Ипотекийн зээлийн хүү жилийнх нь 6 хувь бол орон нутагт 3 хувийн хүүтэй олгогдоно. Нийт 1,2 их наяд төгрөгийн санхүүжилтийн 60 орчим хувийг орон нутагт зарцуулна. Энэ нь Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа алхам гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тодотгоод байна.
Чингисийн хөшөөнөөс Чингис хааны нисэх буудал хүрэхэд 20 минут зарцуулна
Засгийн газраас УИХ-д Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг өргөн мэдүүлснийг парламент Баасан /2024.05.03/ гаригт хэлэлцэн дэмжлээ.
УИХ-д энэхүү хуулийн төслийн танилцуулгыг хийх үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Их тойруу доторх эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хүрээнд Засгийн газар болон харьяа байгууллагыг Номтын ам руу нүүлгэнэ. Чингис хааны хөшөөнөөс Чингис хааны олон улсын нисэх буудал хүрэхэд 20 минут зарцуулах бөгөөд тунель болон дүүжин гүүрээр холбоно” гэж мэдэгдлээ.
Мөн Засгийн газраас өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ нь Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээнэ гэж үзэж байна.
Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.
Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ гэж үзэж байна.
Шинэ Зуун мод хотыг байгуулна
УИХ мөн Шинэ зуун мод байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд байна. Шинэ Зуун мод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулахаар заасан бөгөөд засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай байхаар заажээ.
Шинэ Зуун мод хот нь амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны аж ахуйн нөөц зэрэг есөн бүстэй байхаар, цааш бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлохоор төлөвлөжээ.
Шинэ Зуун мод хотыг иргэдэд зориулсан ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотын олон улсын концепцын дагуу нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотойгоор байгуулахаар тусгажээ. Тодруулбал, иргэд оршин суугаа газраасаа 20 минутад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт очих “20 минутын хот” стандарт гэсэн концепцын хүрээнд төлөвлөх аж. Хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм байна.
Шинэ Зуун мод хотын удирдлага нь хотын оршин суугчдаас сонгогдсон хотын зөвлөл, захирагч болон ерөнхий архитектур, хотын хөгжлийн корпорацаас бүрдэх ба зохион байгуулалтын хувьд хороонд хуваарилагдана. Шинэ Зуун мод хотын хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулж, хотын газар хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлтийг хариуцаж, хөрөнгө оруулагчидтай төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. Шинэ Зуун мод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж. Мөн хот нь төсөвтөө байх тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл, Төв аймагт хуваарилж зарцуулахаар заажээ. Хууль батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгох, шинээр ажлын байр бий болгож, ДНБ болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулж хөгжүүлснээр орон нутгийн болон бүс цаашлаад олон улсын логистикийг сайжруулна гэж үзэж буй юм байна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, орон сууцын хангамж нэмэгдэж нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцсон байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжлийг хангах бодлогын хүрээнд шинэ Зуун мод дагуул хоттой Төв аймаг нь эдийн засгийн интеграцид нэгдэж тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.
УИХ-ын сонгуульд 25 нам, эвсэл өрсөлдөх боломжтой болов
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хуралдаж, нам, эвслүүдээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд гурван намын УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээс татгалзсан бол 25 нам, эвслийн хүсэлтийг хүлээн авав. Тодруулбал, СЕХ-ноос дараах нам, эвсэл 2024 оны ээлжит сонгуульд оролцох боломжтой болж, батламжаа гардав.
- Эх орончдын нэгдсэн нам
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
- Үндэсний эвсэл
- Иргэний зориг ногоон нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Бүгд найрамдах нам
- ХҮН нам
- Монголын Либерал нам
- Монголын Либерал Ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Монгол Консерватив нам
- ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
- Монголын Социал Демократ Нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний хүч нам
- Эх Орон нам
- Монгол Ардын нам
- Эрх Чөлөөний Эвсэл нам
Харин дараах намуудын хүсэлтийг хангахаас татгалзлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг татгалзаж шийдвэрлэв.
Царцааны нүүдлээр хууль бус сонгууль хийж болзошгүйг анхааруулав
УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон тул хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсооно” гэж заасан юм.
Ардчилсан намаас Пүрэв гаригт мэдээлэл хийх үеэрээ иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө улсын хэмжээнд 70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 20 мянган иргэнээр илүү шилжилт хийлгэсэн байна. Энэ бол бидний анхааруулаад байгаа царцааны нүүдэл. Сонгинохайрхан дүүргээс Чингэлтэй дүүрэг рүү 10 мянган шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь царцаа байх магадлалтай, анхаарал татаж байна” гэж мэдэгдэв.
Мөн Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун “Манай гэр бүлийн биш гурван хүн гэрийн хаягт бүртгэлтэй байгаа юм. Бид тодруулъя гэж хэлээд сарын дараа тайлбар өгөхдөө удахгүй танай бүртгэлээс хасна гэсэн. Өнөөдрийг хүртэл хасалт хийхгүй байсаар шилжилт хөдөлгөөн албан ёсоор дууссан” гэж ярив. Харин Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа ”Цахим царцаа гэж нэрлээд байгаа нь байхгүй хаягийг зохиогоод иргэний үнэмлэх үйлдэж санал авхуулаад байна гэсэн бодит кейс бий болсон. Жишээлбэл таван давхар байр байхад зургаан давхар болгож хий давхар нэмснээр иргэний бүртгэл дээр мэдээлэл үүсгэж санал авсан тохиолдол байна. Баянзүрх дүүргийн 25-р хороонд 16 давхар барилга дээр хий давхар нэмж үүсгэснээр огт байхгүй тоот хаягийг үүсгэсэн ч 2020 онд үүн дээр нэг ч арга хэмжээ авч, холбогдох газрууд хариулт өгөөгүй. Энэ бол маш ноцтой зөрчил. Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тохиолдол ч байна. Ард нь хамаарах этгээд гээд нэрс нь цаастайгаа баримт болоод байж байна. Ийм асуудлууд өмнөх сонгуулиар давтагдан гарсан.
Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу оршин суух хаягаа иргэд өөрөө сонгож суух боловч оршин суух гэж биш санал өгөх зорилготой үйлдлүүд илэрч байна” гэв.
Ардчилсан намын зүгээс Сонгуулийн ерөнхий хороонд шударга сонгууль явуулахыг шаардаж, албан тоот хүргүүлсэн юм.
Х Богдын мэндэлсэн дүйчин өдөр тохиов
Аврал итгэлт, оройн дээд Очирдара Богд гэгээн Жэвзүндамба хутагтын X дүр Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдөр өчигдөр/2024.05.04/ тохиолоо.
Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам хуврагууд, хутагт хувилгаад Аврал итгэлт, Оройн дээд, Очирдара Жэвзүндамба хутагтын X дүр ( хэргийн тухайд алдрыг өгүүлэхүй) Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдрөөр өлмий бат, мэлмий тунгалаг байж шашин, амьтны тусыг агуу их үйлдэхийн ерөөл талбиж Өлмий бататгах залбирал, Цогчид, Мандал өргөв.
Жилийн өмнө буюу 2023 оны гуравдугаар сард Дээрхийн гэгээн IV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан юм. Гэхдээ Дээрхийн гэгээн IV Далай лам 2016 оны арваннэгдүгээр сард Монголд айлчлаад буцахын өмнө “Х Богд тодорсон. Нас нь бага учир нэрийг нь дурдахгүй байя” гэж анх зарласан байдаг. Түүнээс хойш долоон жилийн дараа Монголд X Богд тодорсныг дахин зарласан нь монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан юм.
Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа “Бурхны шашны маш нарийн уламжлалаар үе үеийн богдуудыг дээрхийн гэгээн Далай лам нар тодруулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Дээрхийн гэгээн тодруулсан. Миний сонсож мэдсэнээр 2015-2016 онуудад нэлээд ажил өрнүүлсэн. Монголоос тухайн үед янз бүрийн газар оронд төрсөн 100 мянга орчим хүүхдийн нэрсээс хэд хэдэн удаагийн давтамжтай шалгуурыг хангаж, эцэст нь энэ хүүгийн нэр гарч ирсэн гэж үздэг” хэмээн ярьсан нь бий.
Харин Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам хамба Номун хан, гавж Д.Чойжамц “X Богд бол бурханы шашны ерөнцөд аугаа үйл бүтээх гэгээнтэн юм” гэж мэдэгдэж байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ