Бразилийн өмнөд мужид олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас их хэмжээний үер болж, хөрсний гулгалт үүсч, 56 хүн амиа алджээ. Албаныхны мэдээлснээр Рио Гранде-ду-Сул хотод дахин 67 хүн сураггүй алга болжээ. Өнгөрсөн Бямба гаригт шуурга эхэлснээс хойш бараг 25 мянган оршин суугч гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрсэн. Наад зах нь хагас сая хүн эрчим хүч, цэвэр усгүй болсон бөгөөд цаашид хур тунадас үргэлжлэн орох төлөвтэй байна.
Цаг агаарын эрс тэс уур амьсгал үүсэж буй нь халуун, өндөр чийгшил, хүчтэй салхины ховор хослолоос үүдэлтэй. Тус мужийн 497 хотын талаас илүү хувь нь шуурганд нэрвэгдэж, хэд хэдэн газарт зам, гүүр эвдэрсэн байна. Мөн шуурганы улмаас хөрсний гулгалт үүсч, Бенто Гонсалвес хотын ойролцоох усан цахилгаан станцын далан нурж, 30 хүн амь үрэгджээ. Усны түвшин нэмэгдсэний улмаас тус бүсэд хоёр дахь далан нурах эрсдэлтэй байна гэж эрх баригчид мэдэгдэв. Бүс нутгийн нийслэл Порто Алегре хотод Гуайба гол үерлэж, гудамж талбай, зарим хорооллууд усанд автжээ. Порто Алегре хотын олон улсын нисэх онгоцны буудал бүх нислэгээ "тодорхойгүй" хугацаагаар зогсоосон байна.
Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва үерт автсан бүс нутагт айлчилж, засгийн газраас тусламж үзүүлнэ гэж амлажээ. Цаг уурчид хүйтний эрч чангарч, бүс нутагт дахин бороо орно гэж таамаглаж байна. Өнгөрсөн жил Рио Гранде-ду-Сул хотод болсон хар салхины улмаас 30 гаруй хүн амиа алдсан юм. Бразилийн цаг уурын үндэсний хүрээлэн хур тунадасны эрч хүч, давтамж нэмэгдсэн нь цаг уурын үзэгдэл Эль Нинотой холбон тайлбарлав.
Эх сурвалж:BBC