Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард ноцтой гарч, газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буй. Өнөөдрийн байдлаар газ дэлбэрэлтэд өртөж, орон гэргүй болсон 63 айлын 207 дугаар байрны оршин суугчид хотын дарга Х.Нямбаатарын шийдвэрийг хүлээж суугаагаа хэлж байна.
Учир нь Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа "Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Баянзүрх дүүрэгт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ноцтой осол гарсан. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтүүд эцэслэн гарсан. Тухайлбал, 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих, газрыг чөлөөлөх, аюулгүй болгох шаардлагатай болсон. Тухайн байрны оршин суугчдын асуудлыг нийслэлийн удирдлагад шилжүүлж, үүнд шаардлагатай 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлсэн. Засгийн газраас энэ осолтой холбоотой таван тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдсэн. Үүний 2.1 тэрбум төгрөг нь айл өрхүүдийн түрээсийн орон сууц, алба хаагчдын орон байрны асуудлыг шийдсэн бол одоо 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлсэн гэсэн үг. Иргэд нийслэлийн удирдлагатай зөвшилцөж байрны асуудлаа шийднэ" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, цаашид оршин суугчдын асуудлыг Улсын онцгой комисс хариуцахгүй, нийслэлийн удирдлага шийднэ гэдгийг мэдэгдсэн.
Оршин суугчдын зүгээс тухайн 63 айлын орон сууцыг нурааж, шинээр барихад 2.9 тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй. Оршин суугчдын түрээсийн байрны зардалд 1.4 тэрбум төгрөгийг төсөвлөж, өгсөн. Одоо эцсийн шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар гаргана гэсэн хүлээлттэй байна гэв. Одоогоор тухайн байрны гаднах цагдаагийн хамгаалалтыг буулгаж, эргэн тойрны талбайг нь цэвэрлэсэн байдалтай байгаа юм.
ОСЛЫН УЛМААС НИЙТ 1.8 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан. Ажлын хэсгээс 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоосон байдаг.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Урьдчилсан байдлаар гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Хэргийг хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэдгийг албаныхан мэдээлж байв.
Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүү "Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тухайн орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэдэг дүгнэлт гарсан учраас нураана. Оршин суугчдын хохирол, байр орон сууцыг яах вэ гэхээр буруутай хуулийн этгээд, иргэд хоорондын маргаанд төр оролцохгүй. Шүүхээр гэм буруу нь тогтоогдсон этгээд иргэдийн хохирлыг төлнө" гэдэг хариултыг өгсөн. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Шүүх байгууллагаар хэргийг хэлэлцүүлсний дараа гэм буруутныг тогтоох юм байна.
Нөгөө талаас төр стандартаа мөрдүүлж ажилласан бол ийм осол аваар гарахгүй байсан. Оршин суугчдын галд өртсөн автомашины хохирлын үнэлгээг тогтоож дууссан" гэдгийг хэлж байсан.
"ДАМ НУРУУНД АН ЦАВ ГАРСАН, НОРМ ДҮРМИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ ГАРСАН"
Барилга хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал барилгын урьдчилсан дүгнэлтийг танилцуулахдаа "Галд өртсөн 207 дугаар байрны 63 айлын орон сууцны техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтын хэмжилтийн дээж авсан. Үндсэн галд өртсөн энэ барилга 12 давхар байгаа. Төмөр бетонон карказан хийцтэй, 2017 онд ашиглалтад хүлээж авсан. Орон сууцны гадна талын фасадны 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн. Галд 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн, найман айл огт өртөөгүй байна.
Тооцоо судалгааны дүнгээр, барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын норм дүрмээс тав дахин их буюу газар хөдлөлт болон бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй байна.
Мөн барилгын баруун талын голын баганын орой руу тоосгоны шилжилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дам нуруунд ан цав гарах гэмтэл гарсан. Норм дүрмийн шаардлага хангахгүй үзүүлэлт гарсан" гэж мэдээлсэн байдаг.
Холбоотой мэдээ