Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн лам нарын зөвлөлийн 2024 оны хаврын ээлжит хурлаар Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д. Нямсамбууг томилжээ. Тэрбээр гурван өдөр хуралдсан хурлаар олонхын санал авч, тавдугаар сарын 2-нд энэ албанд томилогдсон байна. Тэрбээр Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцаж, бурхан шашны "Жавзандамба хутагт" төвийн багшаар ажилладаг.
Харин Гандантэгчинлэн хийдийн шинэ Тэргүүн их Хамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны билэгт сайн өдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 18-нд Батцагаан цогчэн дуганд болсон байдаг.
Тэрбээр ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд үг хэлэхдээ "Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, XXIX хамба номун хан Д.Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая.
Их Монгол оронд бурхны шашны соёл хэдэнтээ дэлгэрч, Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Бурхан багш бээр миний шашин умардаас умардад дэлгэрнэ хэмээн бошиглон зарлигдсаны дагуу бурхны шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд алжаал зүдрэлийг умартсан Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирна" гэдгийг онцлон хэлж байсан.
Холбоотой мэдээ