Аврал итгэлт, оройн дээд Очирдара Богд гэгээн Жэвзүндамба хутагтын X дүр Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдөр буюу тавдугаар сарын 4-нд тохиож байна. Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам хуврагууд, хутагт хувилгаад Аврал итгэлт, Оройн дээд, Очирдара Жэвзүндамба хутагтын X дүр Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдрөөр өлмий бат, мэлмий тунгалаг байж шашин, амьтны тусыг агуу их үйлдэхийн ерөөл талбиж Өлмий бататгах залбирал, Цогчид, Мандал өргөжээ.
Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дарамсала хотын "Зүглаг Хан" дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн юм.
Энэ үйл явдлын үеэр Далай лам Монголын X Богдын дүрийг олонд харуулсан ба Богдын дүр хэмээгдэх найман настай хүү Дээрхийн гэгээнтэн Далай багшид мандал өргөсөн. Тодруулбал, Далай лам авшиг хүртээхээс өмнө нь номын үйл хийснийхээ дараа өөрийн зүүн гар талд нь сууж буй хүүг заан, хурсан олонд “Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Жавзундамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээн мэдэгдэж байв.
Холбоотой мэдээ