Тойм: 2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно

Хуучирсан мэдээ: 2024.05.04-нд нийтлэгдсэн

Тойм: 2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


Оюутолгой нь Монгол Улсын Засгийн газар анх удаа бие дааж хийсэн, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан, эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжлийн үүдийг нээсэн мега төсөл. Харамсалтай нь, Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүсийн хувь тавилан дардан байгаагүй. Тэдний нэг нь С.Баярцогт. Монголчуудын хэлдгээр туг ч барьж, тугал ч хариулсан улстөрч юм.


-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг. Танд тэгж санагддаг уу?

-Анандын Амар Ерөнхий сайд уг нь “Монголын төрд үнэнч зүтгэх халтай” гэсэн юм байна лээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хүмүүс А.Амар гуайг “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэмээн хэлсэн гэж ойлгочихсон. Ганц, хоёр үгийг өгүүлбэрийн наана, цаана оруулахаар утга нь өөрчлөгдчихөж байгаа биз. Монголынхоо төрд гомдсон хүний үг шиг болгоод монголчууд бидэнд ойлгуулчихсан байна. А.Амар сайд болохоор Монголынхоо төрд би үнэнч зүтгэсэн, энэ нь халтай болоод ЗХУ-ын шүүхээр шийтгүүлж байна гэж хэлсэн байдаг.

-Тэгвэл танд Монголын төрд зүтгэсэндээ харамсч байсан удаа бий юу?

-Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хувь улстөрчийнхөө нэр төрөөр эрсдэл хийх чадвартай байх ёстой гэдэг нь миний баримтлаж явдаг нэг зарчим. Цаг хугацааны шалгарлаар С.Баярцогт хэн байсан нь тодорно гэдэгт би одоо ч итгэлтэй явдаг.
Гучин жилийн өмнөх, хорин жилийн өмнөх, таван жилийн өмнөх хэрүүл, талцал, өсөрхөл, гомдлыг эргэж хөндөөд юу өөрчлөгдөх юм бэ. Тэгж байхаар таван жилийн дараах, хорин жилийн дараах, гучин жилийн дараах хөгжлийн тухай яръя. Шинэ технологи, шинэ хөгжил, хиймэл оюун ухаан, сансар огторгуйн талаар ярихгүй бол дэлхийгээс тусгаарлагдсан, ядуу буурай улс болж хоцрох нь байна. Дэлхийн хөгжлөөс Монгол нэлээд хоцрогдсон, дахиад хэрэлдэж, өс хонзон зангидаж суух хугацаа бидэнд алга. Нэг намын ноёрхолтой, эдийн засаг, зэр зэвсэг, технологийн хувьд хүчирхэг хоёр улсын дунд Монгол Улс амьдарч байгаагаа үргэлж санаж явах ёстой. Өнгөрсөнд алдаа байвал засаад оноо байвал дүгнээд урагшаа явахаас өөр гарц байхгүй.

АН, МАН гээд хоорондоо талцаж хэрэлдэх нь ажилгүй хүмүүсийн яриа. Дэлхий цаана чинь маш хурдан, маш хүчтэй өөрчлөгдөж байна. Гадныхан Марс дээр амьдрах тухай, супер компьютерийн тухай, AI технологийн тухай ярьж, хэрэглээд эхэлчихсэн байхад монголчууд жалгандаа хэрэлдэж, улс төржиж суух эрх байхгүй.

-Тантай уулзах бүрт үргэлж хөгжлийн бодлого ярьдаг. Шинэ санаа хэлдэг. Долоон жилийн өмнө тантай ярилцаж байхад “internet of information”, “internet of things” ,“internet of value”-ийн ялгааг, төр жижигхэн болж, хүмүүс төвлөрсөн том системээс хамаарахаа болих тухай, ийм орчинд Монгол Улс яаж хөгжих талаар ярьж байсан санагдана. Өнөөдөр та өнөөх хөгжил, дэвшлээ ярьж байна. Гэхдээ таны энэ зөвлөгөөг шийдвэр гаргагчид хүлээж авах болов уу?

-Оросууд ингэж хэлдэг, “Век живи, век учись” буюу “Зуун жил амьдар, зуун жил суралц”. Магадгүй зарим хүнд Баярцогтын яриа таалагдахгүй байж болно. Гэхдээ хэн нэгэн нь ядаж хөгжил, дэвшлийн тухай ярьдаг байх ёстой биз дээ. Шийдвэр гаргах түвшнийхэнд ойлгуулах хэрэгтэй биз дээ.

Монгол Улс цаг алдалгүй Artificial Intelligence буюу хиймэл оюун ухаан дээр суурилсан эдийн засаг руу орох хэрэгтэй байна. Үүний тулд монголчууд боловсролтой болох шаардлагатай байна. Монголчууд ердөө 3.5-хан сая. Гэтэл урд хөрш 1.4 тэрбумаасаа шигшээд 3.5 сая супер хүн гаргаж чадна. Бид ядаж дундаасаа хиймэл оюун ухааны салбарт ажиллаж чадах 500 мянган хүнийг бэлтгэх ёстой юм. Тэгж байж дэлхийгээс хоцрохгүй, хамтдаа явна. Долоон жилийн өмнө би танд хэлж байсан даа, дэлхийн эдийн засагт аргыг нь олвол ашиглаж болох маш их хөрөнгө байна гээд. Харамсалтай нь, аргыг нь олж чадсангүй юу, арга нь олдсонгүй юу, мэдэхгүй. Ямар ч байсан дэлхийн эдийн засагт байгаа тэр их мөнгөнөөс Монгол ашиглаж чадахгүй байгаа нь бодит үнэн. Бид уламжлалт эдийн засгаасаа гарч чадахгүй, жилийн зургаа, долоон хувийн өсөлтдөө сэтгэл ханах юм бол хорь, гучин жилийн дараа ядуу улс болж үлдэнэ. Ер нь ганц Монгол биш л дээ. Дэлхийн 200 гаруй улсаас бодлогын, технологийн, хандлагын өөрчлөлт хийж чадсан улсууд эдийн засгийн хөгжлөөрөө тасарна. Чадаагүй нь буурин дээрээ үлдэхээр байна. Тэгээд AI дээр суурилсан эдийн засагтай баян улсууд нь уламжлалт эдийн засагтай ядуу орнуудаа халамжаар угждаг систем руу орно. Ийм юмыг олж хараад байгаа хэрнээ ярихгүй байж болохгүй биз дээ. Үүнийг сануулж ярихаар хүмүүс пессимист төгсгөлтэй нэг кино шиг бодоод байдаг юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"МАН ЯЛБАЛ ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ХАР ӨДӨР ДАВТАГДАНА"

АН-ын гишүүн, Элчин сайд асан Ц.Сүхбаатартай ярилцлаа.


-Энэ жил дэлхийн олон улс оронд томоохон сонгуулиуд болно. Дэлхийн ардчилал ямар түвшинд байх вэ гэдэгт хариулт өгсөн сонгууль болно гэж олон улсын ажиглагчид хэлж байна. Монголд ч мөн удахгүй сонгууль болно. Энэ бүх сонгуулиуд дэлхийн ардчилалд хэрхэн нөлөөлнө гэж та үзэж байна вэ?

-2024 он их онцлог жил болж байна. Олон улсын байдал хүнд байгаа энэ үед дайн гарах шахуу хэмжээний олон мөргөлдөөнүүд бүс нутгуудад болж байна. Мөн үүнтэй давхцаад улс төрийн сонгуулиуд болно. Сонгууль гэдэг чинь нэг нь ялж, нэг нь ялагддаг. Үүнтэй холбоотой өөрчлөлт хөдөлгөөнд орж байгаа жил энэ онд тохиож байгаагаар онцлог. Монгол Улс ч мөн сонгуулийн ирмэг дээр ирээд байна. Өнгөрсөн найман жилд нэг нам засгийн эрхийг авсан. Юм хийвэл хийхээр хугацаа өнгөрлөө.Гэвч бодит байдал ямар байгааг хүн бүр харж байна.

Ард түмэн өөрсдөө дүнгээ тавих эрх нь нээгдэх гэж байна. Ирэх сонгуулиар иргэд өөрсдийн сонголтоо зөв хийх байх гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын хэмжээнд Монгол Улсыг ардчиллаараа гайгүй гэж үздэг. 10 хүрэхгүй жилийн өмнө монгол ардчиллын үзүүлэлтээр сайн, эдийн засгийн өсөлттэй, хөгжлийн түвшин муу биш, дэлхийн анхаарлын төвд байсан үе бий. Гэвч сүүлийн хоёр сонгуулиар нэг нам найман жилийн хугацаанд улс төрийн эрхийг авснаас хойш ардчилалд хүртэл аюул заналхийлэл учирч ухрах чиг хандлагатай болж ирж байна. Ардчилал эмзэг болсноор нэг хүний дарангуйлалтай, нэг хүн шийддэг, тулгадаг байдал бий болсон. Үүнийг олон улсын шинжээчид, судалгааны байгууллагууд, улс төрийн байгууллагууд маш нарийн ажиглаж, олон улсын ардчиллын байгууллагууд Монголын асуудлаар тогтоол, шийдвэр, уриалга ч гаргаж байна. Ганцхан жишээ бол Олон улсын Ардчилсан холбооноос сүүлийн зургаан сарын дотор хоёр ч тогтоол гаргасан. Тэгэхээр энэ сонгууль бол маш ач холбогдолтой, чухал үйл явдал. Ер нь  энэ сонгуулиас их зүйл хамаарна гэсэн хүлээлттэй байна.

-Ардчилсан улс орнуудын туршлагаас харахад ардчиллаа бэхжүүлэхийн тулд юуг анхаарч, юу хийж байна вэ?

-Ардчилал өндөр хөгжсөн орнууд бол хуулийг өндөр хэмжээнд дээдлэх ёс тогтсон байдаг. Шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь бие даасан, улс төрийн нөлөөнөөс ангид, шударга ёсыг зөв хэрэгжүүлж чаддаг учраас сонгууль нь ямар ч тохиолдолд ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж чаддаг. Мэдээж асуудлууд гарна. Түүнийг шүүхийн журмаараа шийддэг.

Монголд шүүхэд итгэх итгэл алдарсан. Шүүх нь өөрөө авлигад автсан.

Учир нь маш том, том авлигалын хэргүүдэд хариуцлага тооцохгүй, юу ч биш болгож байна. Гэсэн мөртлөө өчүүхэн зөрчил гаргасан иргэдийгээ барьж аваад маш хатуу шийтгэдэг. Тайван замаар жагсаал хийж байгаа иргэдээ барьж дарамталдаг байдал хавтгайрах төлөв ажиглагдаж байна. Хүний эрхийн зөрчил цаашид ч хавтгайрах төлөвтэй байна. Энэ асуудлыг ардчилсан нийгэмд төрж өссөн иргэн бүр анхаарч, ардчиллаа бэхжүүлж арчлахад онцгой анхаарч, хамгаалах ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж