Орангутан нүүрнийхээ шархыг эмийн ургамал ашиглан эмчилж байгааг Индонезид ажиллаж байсан эрдэмтэд илрүүлжээ. Энэ нь сармагчины төрөл зүйл эргэн тойрныхоо ургамал, экосистемийг мэддэг болохыг илчилсэн анхны тохиолдол болов. Тодруулбал, Суматрагийн эр орангутан Ракус нь Акар Кунинг гэх ургамлын навчийг зажилж, шүүсийг нь олон удаа нүүрэндээ түрхэж, шархаа эмчилжээ. Ингэхдээ уламжлалт анагаах ухаанд цусан суулга, чихрийн шижин, хумхаа зэрэг өвчнийг эмчлэхэд ашигладаг навчийг зажилж, шархандаа түрхсэн байна.
Макс Планкийн Амьтны хүрээлэнгийн судлаач, судалгааны ахлах зохиолч Изабель Лаумер "CNN" агентлагт хэлэхдээ "2022 оны зургадугаар сард Гунунг Лейзер үндэсний Суак Балимбингийн судалгааны бүсэд хийсэн ажиглалтдаа маш их сэтгэл хөдөлсөн" гэв. Хэдийгээр бусад зэрлэг приматууд эмийн шинж чанартай ургамлыг залгиж, зажилж, үрж чаддаг нь тогтоогдсон ч эрдэмтэд өөрийгөө эмчилж буй тохиолдол илрүүлж байгаагүй.
Ракус орангутан эмийн ургамлын үйлчилгээг мэддэг байсан гэж эрдэмтэд үзэж байна. Судлаачдын үзэж буйгаар, Ракус өөр нэг эр орангутантай тулалдахдаа шарх авсан байх магадлалтай. Орангутанууд шархлах нь ховор байдаг тул судлаачдад өөрсдийгөө эмчлэх үйл явцыг нь мэдэх боломж байдаггүй.
Энэхүү ажиглалт нь "хүрээлэн буй орчин, экосистемийн амьтад цаг хугацааны шалгарлаар хөгжсөн хэвээр байна" гэдгийг онцолсон юм. Судлаачид тухайн бүс нутагт байгаа бусад шархадсан орангутанг анхааралтай ажиглаж, энэ зан үйл давтагдах эсэхийг мэдэхээр төлөвлөж байна. Мөн уг нээлт нь хүн ба орангутаны нийтлэг шинж чанарыг онцолжээ.
"Бид ялгаатай гэхээсээ илүү төстэй. Энэ судалгаа нь зэрлэг байгальд нэн ховордсон байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна" гэж Изабель Лаумер нэмж тэмдэглэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ