Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тэрхүү ам гарсан чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо өчигдөр ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм.
Хэрэглээнд гаргаад нэг ч хоноогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорж чадахгүй байгааг иргэд шүүмжилж эхэллээ.
Тоос сорогчийн овор хэмжээ их учир хоёр хүн ажиллуулж, нэг хүн чирч, нөгөө хүн нь тоосыг нь соруулж ажиллуулдаг байна.
Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр ТҮК-ийнхэн ажлын багажаа тоос сорогчоор солих болсон. Нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй үйлчлэгч зам талбайд цэвэрлэгээ хийдэг байна. Гэхдээ тэдний зүгээс “Юу ч гэсэн тоос сорогчоор нь хогоо цэвэрлээд үзье. Ер нь бол санаанд буухгүй л байна” гэцгээж буй. Харин олон нийтийн зүгээс техник хэрэгслийг нь солих нэрийн дор шахаа хийж, мөнгө тоншчих вий гэх хардлагыг ч тавьж эхлээд буй. Ямартай ч долоо хоног туршилт хийсний дараа дорвитой төхөөрөмж мөн эсэх нь тодорхой болох бизээ.
Сануулахад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх амлалт өгсөн. Түүнийгээ ирэх зургадугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна. Хэдийгээр ТҮК-ийнхний ажил хөдөлмөр амаргүй ч нэг сарынх нь цалин 3,5 сая төгрөгт хүрнэ гэдэг нь амьдралтай нийцэхгүй, сонгууль угтуулж авч буй арга хэмжээ гэж үзэх нэгэн ч бий юм.
Холбоотой мэдээ